"Эрдэнэс Монгол"-д ажиллах ажилчид 2-12 сая төгрөгийн цалин авна
Эрдэнэс Монгол ХК-д нээлттэй сонгон шалгаруулалт явуулах ажлын байруудыг зарлалаа.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол Улсын төрд ТӨБЗГ, Эрдэнэс Монгол ХК-аар дамжин 110 орчим ТӨҮГ үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Эдгээр байгууллагыг нээлттэй, ил тод болгож, цомхон бүтэцтэй, ашигтай ажилладаг болгоход чиглэж ажиллана. ТӨҮГ-уудыг үе шаттайгаар олон нийтийн хяналтад шилжүүлнэ. Одоогийн байдлаар Төрийн банкны хувьцааны 20 хүртэлх хувийг олон нийтийн хяналтад шилжүүллээ. Мөн Хөрөнгийн биржийн 34 хувийг шилжүүлэх ажил амжилттай явагдаж байна. Ингэснээр төрийн өмчүүдийг олон нийтэд нээлттэй болгоход дан ганц төр бус олон нийтийн хяналтад шилжсэн бирж зохион байгуулах юм.
Эрдэнэс Монгол ХК цэвэр менежментийн компани болж, олон улсын зах зээлд Монгол Улсыг төлөөлж өрсөлдөх чадвартай компани болох зорилготой. Засгийн газраас төрийн өмчийн компаниудын нээлттэй, ил тод байдлыг хангах бодлогын хүрээнд Эрдэнэс Монгол ХК-ийг бүтцийн өөрчлөлтөд оруулж, менежментийн компани болгон өөрчлөхөөр болсон. Хоёрт, өөрлөгдсөн бүтцийн ажил, мэргэжил дээр сонгон шалгаруулалт явуулж, 88 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт хийнэ. Сонгон шалгаруулалтыг долоон газар, хэлтсээр дамжуулах юм. Үүнд,
Нэгдсэн стратеги, бизнес хөгжлийн газар
Үйлдвэр технологийн газар
Санхүүгийн нэгдсэн удирлагын газар
Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газар
Төслийн судалгаа, үнэлгээний газар
Хууль, эрх зүйн газар
Захиргаа, удирдлагын газар
Дотроо бизнес хөгжлийн хэлтэс, хамтын ажиллагааны хэлтэс, санхүүгийн төлөвлөлт, хөрөнгийн удирдлагын хэлтэс, нэгдсэн бүртгэл тайлагналын хэлтэс, захиргаа аж ахуйн хэлтэс, хүний нөөцийн удирдлагын хэлтэс, мэдээлэл технологийн хэлтэс гэсэн долоон хэлтэстэй байна. Эдгээр нэгжид нийт 88 ажилтан ажиллана. Ажиллах бүх хүнд мэргэжлийн өндөр ур чадвартай, мэдлэгтэй байх шаардлагыг тавина. Цалингийн зэрэглэл нь хамгийн өндөр байна. Хувийн хэвшлийн уул уурхайн чиглэлийн ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг компанитай харьцангуй бага. Гэхдээ төрийг төлөөлж, олон улсад болон дотооддоо үйл ажиллагаа явуулах толгой компанид ажиллах хүний цалин, хангамж сайн байх ёстой гэж үзэж байна. Тэд багийн системээр ажиллах учиртай. Дараах интервалаар цалин олгоно.
Ахлах менежер /газрын дарга/ сарын цалин 9-12 сая төгрөг
Менежер /хэлтсийн дарга/ сарын цалин 6,5-8,5 сая төгрөг
Ахлах мэргэжилтэн сарын цалин 4-6 сая төгрөг
Мэргэжилтэн 2-4 сая төгрөгийн цалинтай ажиллана.
Мөн Эрдэнэс Тавантолгой ХК, Шивээ-Овоо ХК, Эрдэнэс Метан ХК, Эрдэнэс Шивээ Энержи ХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Монгол росцветмет ХК, Дархан төмөрлөгийн үйлдвэр, Эрдэнэс алт ресурс, Эрдэнэс силвер ресурс, Эрдэнэс Оюу толгой, Газрын ховор элементийн судалгаа хийх төсөл зэрэг байгууллагад ийм өөрчлөлт хийнэ” хэмээлээ.
Sanuulga.mn