Өндөр өртөгтэй хагалгааг даатгалаас бүрэн санхүүжүүлнэ
Иргэд эрүүл мэндийн үйлчилгээг улсын болон хувийн эмнэлгээс хөнгөлөлттэй үнээр авахын тулд эрүүл мэндийн даатгал төлдөг. Гэвч иргэд даатгалаа ашиглахаас ашиглахгүй нь их. Одоогоос хоёр жилийн өмнө нэг иргэн жилд ЭМД-аар хоёр хүртэлх сая төгрөгийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрх хязгааргүй болж өөрчлөгдсөн. Энэ хүрээнд зарим иргэн зайлшгүй шаардлагаар өндөр өртөг бүхий мэс засалд ордог.
Энэ тохиолдолд даатгалаас 75 хувийг нь гаргаж, иргэн өөрөө 25 хувийн төлбөр төлдөг билээ. Харин зарим мэс заслын төлбөрийг эрүүл мэндийн даатгалаас 100 хувь хөнгөлж эхэлснээр энэ жил оочер эрс нэмэгдсэн байна.
Тухайлбал, өвдөг, түнхний мэс заслаас эхлээд өндөр өртөгтэй хэд хэдэн хагалгааны төлбөрийг 100 хувь ЭМД-аас олгодог болсон бөгөөд хагалгаанд орох иргэдийн оочер хэдэн сараар үргэлжилж байгаа аж.
ТӨРӨЛХИЙН ГАЖИГ БОЛОН БУСАД ӨНДӨР ӨРТӨГТЭЙ ХАГАЛГААНУУДЫГ 100 ХУВЬ ХӨНГӨЛНӨ
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл /ЭМДҮЗ/ 2021 онд “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам батлах тухай” 03 дугаар тогтоол гаргажээ. Тус тогтоолоор ЭМД-аас бүрэн буюу 100 хувь хөнгөлөх эмнэлгийн тусламж үйлчилгээг шинэчлэн гаргасан байна. Үүнд:
-Төрөлхийн гажиг засах мэс заслын бүх зардал 100 хувь Эрүүл мэндийн даатгалын сан /ЭМДС/-гаас гарахаар болсон. Тухайлбал, зүрхний төрөлхийн гажиг заслын мэс засалд ЭМДС-гаас гурав хүртэлх сая төгрөг олгож байсан бол шинэ тогтоолоор тохиолдол бүрд найман сая төгрөгийн санхүүжилт гаргах юм. Мөн хорт хавдрын тусламж үйлчилгээг 100 хувь эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлнэ.
-Үүнээс гадна өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээг төрийн өмчийн эмнэлэгт хийлгэхэд нэг тохиолдолд өмнө нь 160 мянган төгрөгийн санхүүжилт олгодог байсан бол одоо даатгалын байгууллагатай гэрээтэй эмнэлэг дээр тус шинжилгээг хийлгэхэд даатгалын сангаас 70 хувь, иргэн 30 хувийг нь гаргах болсон байна.
Амбулаторид хийгдэх мэс ажилбарууд, шүд амны хөндийн тусламж үйлчилгээний багц, хяналтын үзлэгийн багц, жирэмслэлттэй холбоотой багцыг ЭМДС-гаас санхүүжүүлэх бөгөөд амбулаторийн үзлэг, тусламж үйлчилгээний үед даатгуулагчаас төлбөр авахгүй аж.
Эх сурвалж: News.mn