ТОЙМ 2022: Хөгжлийн банкны хэрэг ба УИХ гишүүдээ хамгаалж, авч үлдэв
Хуучин он улиран одож, шинэ он айлчлан ирж байна. Бүгдээр өнгөрөгч оны алдаа, оноогоо цэгнэцгээе.
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГ БА УИХ ГИШҮҮДЭЭ ХАМГААЛЖ, АВЧ ҮЛДЭВ
Өмнөх парламентад УИХ-ын гишүүд ЖДҮХС-аас зээл авсан нь ил болж байсан бол дээрхтэй адил үйлдэл энэ парламентын гишүүдийг мөн тойрсонгүй.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Дамдинням нар Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон бөгөөд улмаар тэднийг яллагдагчаар татаад буй.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Хөгжлийн банкнаас "Эрдэнэс Монгол" компанид зээл олгон, "Энержи ресурс"-ын замыг авсан асуудалд яллагдагчаар татсан. Ё.Баатарбилэгийг Хөгжлийн банкны зээлдэгч аж ахуйн нэгжээс хахууль авч, түүнийгээ орон сууц болгон мөнгө угаасан хэмээн яллагдагчаар тооцов. Харин Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий хүний эзэмшлийн "Вертекс майнинг партнерс" ХХК-д Хөгжлийн банкнаас 2020 онд 33 тэрбум төгрөгийн зээл олгосон хэрэгт яллагдагчаар татаад байгаа юм.
Тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-д хүргүүлсэн. Гэвч УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, холбогдох байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн билээ. Олон нийт эдгээр таван гишүүний нэр холбогдсон хэргийг мартаагүй, шүүхийн шийдвэрийг тэвчээртэй хүлээсээр байна.
Эх сурвалж: Gogo.mn