Х.Бадамсүрэн: Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлт оруулах саналаа ТУЗ-д танилцуулна
Засгийн газрын 2020-2024 оны ажлын хөтөлбөрт “Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад шаардлагатай туршилт, судалгаа хийж, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэнэ” гэж тусгасан. Энэ дагуу 2019 оны нэгдүгээр сард Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХК-д шилжүүлсэн билээ.
Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Асгатын мөнгөний ордын талаар хэлэхдээ “1996 онд ордын нөөцийг батлуулахдаа 6.4 сая тонн гэсэн боловч нэмэгдэх боломжтой нөөц 22 сая тонн гэж үзсэн байдаг. Манай яамнаас 22 сая тонныг баталгаажуулах үүргийг "Эрдэнэс Монгол"-д өгсөн. Энэ ордыг хөдөлгөх ёстой. Ингэхийн тулд хайгуул хийх замаар нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай. Тогтоогдсон нөөц нэлээд эгц ууланд байдаг. 3000 орчим метрийн өндөрт байдаг гэсэн мэдээллийг өгч байгаа“ гэсэн юм.
"Эрдэнэс Монгол" компанийн Зэс, метал группийн дарга Х.Бадамсүрэн “Асгатын ордыг "Эрдэнэс Монгол" компани судалж байгаа. 1976 оноос судалгаа хийж, 1996 онд нөөцийг баталсан. Энэ ордыг яаж эдийн засгийн эргэлт оруулах вэ гэдэг санал гаргаад явж байгаа. Удахгүй "Эрдэнэс Монгол" компанийнхаа ТУЗ-д танилцуулна. Хайгуул ашиглалтын үйлдвэр барьж байгуулах замаар ордыг ашиглалт оруулах нь зөв гэж бодож байгаа. Эн ордод нэгд, нөөц өсгөх хайгуул хийх шаардлагатай. Хоёрт, гадаадын хөрөнгө оруулалтыг татвал Монгол Улсад томоохон орд боловч дэлхийн түвшинд аваад үзвэл жижиг ордод тооцогдоно. Хэрвээ бидний саналыг дэмжвэл ирэх оны нэгдүгээр хагасаас үйл ажиллагааг нь эхлүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Эдийн засгийн эргэлтэд оруулахад гадаадын хөрөнгө оруулалт шаардлагатай. Өмнө нь АНУ-ын компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм билээ. Бид энэ компанитай холбогдож, тэдний саналыг сонсож байгаа” хэмээсэн юм.
Эх сурвалж: IToim.mn