Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Боловсролын сайд “баарав уу”

Боловсролын сайд “баарав уу”

“Чимхэж” л байхгүй бол “чих нь хатуу” төр. Чимээлж л байхгүй бол үйл нь худал дарга, сайд нар...Сануулъя бас дахин сануулъя...

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас энэ оны гуравдугаар сараас эхлэн цэцэрлэг, сургуулийн багш нарын дипломыг шалгах ажлыг эхлүүлсэн. Үр дүнд нь хуурамч дипломтой багш нарыг илрүүлж, боловсролын салбарын нэр хүнд унахад нөлөөлдөг томоохон асуудлуудын нэгийг цэгцлэх зорилгыг агуулсан билээ.

Ажлын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам найман сарын хугацаанд цэцэрлэг, сургуулийн багш нарын нийт 59 мянган дипломыг шалгажээ.

Өнгөрөгч есдүгээр сарын 1-нд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хуурамч дипломтой багш нарын асуудлыг ирэх долоо хоногт (2022.09.06) зарлана гэдгээ мэдэгдсэн.

Салбарын сайдын энэхүү мэдэгдэл нийгэмд маш том сенсацыг дэгдээж, өндөр хүлээлт үүсгэсэн юм. Иргэд ч тухайн ажил үр дүнтэй байгааг “магтаж” байлаа. Улмаар товлосон хугацаа ч болов.

Есдүгээр сарын 6-нд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хуурамч дипломтой багш нарын асуудлаар мэдээлэл хийсэн.

Тэрбээр “Багш нарын боловсролын баримт бичигт хийсэн шалгалтыг зургаан сарын турш хийлээ.

Энэ хугацаанд ажлын хэсэгт багтсан хүмүүсийг гаднаас дарамтлах үйлдэл гарч, яамны тусгай өрөөнд байсан ажлын хэсгийн компьютерын хард хоёр удаа алдагдсан, Мөн 400 гаруй хуурамч дипломын зөрчлийг цаасаар баталгаажуулсан баримт ч алдагдлаа. Энэ асуудлуудыг цагдаагийн байгууллага шалгаж байна. Нийт 59 мянган дипломыг шалгахад 442 диплом зөрчилтэй гарсан” хэмээн мэдэгдсэн. Одоо энэ тоо 700 гаруй болсон.

Салбарын сайдын “зүтгэлээр” хуурамч болон сэжигтэй дипломтой багш нарын тоо ийнхүү ил боллоо. Гэхдээ хамгийн чухал нь үр дүн. Үнэхээр л нөр их хөдөлмөр, цаг зав зарцуулж энэ ажлыг эхэлсэн юм бол боловсролын тогтолцоог гажуудуулагсдыг “хүлээн зөвшөөрөх” бус “таслан зогсоох” учиртай.

Бүхэл бүтэн төрийн тусгай объект болох БШУЯ-ны байрнаас дипломтой холбоотой мэдээлэл, компьютерын хард алга болсон нь байж болшгүй. Үүнийг нягтлаж олон нийтэд эргэн мэдээлэх ёстой. Чухам хэн гээч эрхтэн дархтны эрх ашиг хөндөгдөхдөө тулаад, хуурамч дипломтнуудын мэдээллийг “халдлага” нэрээр хав дарсан нь л сонирхол татаж байна...

Одоо ч энэ асуудал нэгэнт замхарч, мартагдаж, улирах онтой хамт “хийсэн” одох шинжтэй боллоо. Хэн үүнд дорвитой тайлбар өгөх вэ?

“Боловсролын салбарын 2022 оны онцлох үйл явдлууд” гэсэн автортой мэдээ сонин, сайтуудаар дүүрэн л харагдана билээ. Бодвол “болзолт пиар“ байх л даа. Уг нь шалих шалихгүйгээр өөрсдийгөө магтаж суухаар, сайныг сэтгэж эхлүүлсэн ажлынхаа эцсийг үзвэл зүгээр сэн. Учир начрыг нь олж, хужрыг нь тунгаавал зохилтой.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан таны Монголын ирээдүйн төлөө хийсэн зоримог шийдвэрийг бид хүндэлж байгаа. Гэхдээ энэ мэт ажлаа “төгс төгсгөж” чадахгүй юм бол хэзээ бид сайн сайхныг цогцлоож, эрүүл тогтолцоог бүтээх юм бэ?

Д.Сүрэн

Sanuulga.mn

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)