Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд эрдэмтэн, судлаачдыг татан оролцуулна
Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14 дэх заалтыг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулсан “Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг өчигдөр (2022.12.26) анхны хуралдаанаа хийлээ.
Ажлын хэсгийн хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах ажлын хүрээнд 2022 оны 12 дугаар сарын 22-ноос 2023 оны хоёрдугаар сарын 20-ны хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, батлав. Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах ажлын хүрээнд болох арга хэмжээг “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” УИХ-ын тогтоолд тусгасан билээ.
Ажлын хэсэг мөн Зөвлөлдөх зөвлөлийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулахтай холбоотой асуудлаар хэлэлцэж, Шинжлэх ухааны академи, Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний болон судалгаа, шинжилгээний байгууллага, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо зэрэг мэргэжлийн холбоод, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагуудыг эрдэмтэн, судлаачдаа тус зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэхэд татан оролцуулах чиглэлээр анхаарч ажиллахаар ярилцав.
Түүнчлэн, 2023 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр дараагийн хуралдаанаа хийж, Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулахаар шийдвэрлэлээ.
Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, гишүүдэд УИХ-ын гишүүн Н.Энхболд, С.Одонтуяа, С.Ганбаатар, Ж.Мөнхбат нар, мөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, ЕТГ-ын дарга Я.Содбаатар нарын хүмүүс ажиллаж байна.