“Төрөөс завшигч” сайдын “түүх” үргэлжилсээр...
Сурсан занг сураар ороож болдоггүй гэдгийг Х.Болорчулуун сайд биеэрээ үлгэрлэж байх шиг. Түүний балгийг баахан жишээгээр баталж болох.
Гурван жилийн өмнө эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ЖДҮ хөгжүүлэх сангаас зээл авсан төрийн түшээдийн цувааг цагтаа УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун тэргүүлж байлаа. Тодруулбал, Х.Болорчулуун өөрийн хамаарал бүхий “Дорнод гурил” ХХК-аар дамжуулж, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 950 сая төгрөгийн зээл авсан хэрэгт буруутгагдаж, хууль хяналтын байгууллагад шалгагдан, “ачигдах” дээрээ тулж байв. Үүгээр ч зогсохгүй Х.Болорчулуунд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, НПГ-т шилжүүлж, УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах асуудал хүртэл яригдсан юм. Гэтэл гэнэт л түүнийг “тэнгэр ивээсэн”. “Зохиолын” өрнөл “зовлонтоос жаргалтай” руу шилжиж, уг үйл явдлаас гурван жилийн дараа хүйтэн төмөрт ээрэгдэх гэж байсан нөхөр Хүнс, хөдөө аж ахуйн сайд болоотохсон. Уулга алдаад л өнгөрсөн бид. Өөрөөр ч шальсангүй. Өнөөдрийн төрийн төрх нь энэ хойно яалтай ч билээ дээ.
За яах вэ. Үүнийг өнгөрсөн хэрэг гээд “залгия”. Одоог ярья.
“Харц” байхдаа “бужигнуулж” байсан нөхөр “хаан“ болоод ч сурсан зангаа гээхгүй нь мэдээж. Дахиад л “дэггүйтэхээр”шийдсэн бололтой. “Хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь минийх” ухааны юм л болж байх шиг.
Өнгөрсөн 11 дүгээр сарын 30-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Дотоодын улаанбуудайгаар гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх зорилгоор шаардлагатай 100 тэрбум төгрөгийг, нэг жилийн хугацаатай, зургаан хувийн хүүтээгээр олгох заалт бүхий 437 дугаар тогтоолыг батласан. Хальт харвал энгийн л нэг тогтоол. “Дэмжлэг үзүүлэх” гэдэг үг орчихсон болохоор бараг энгийнийг ч “эвдсэн” энэрэнгүй тогтоол. Гэхдээ бодит байдал дээр тийм биш ээ.
“Дорнод гурил” хэмээх гурил үйлдвэрлэгч компанитай хамааралтай нь эртнээс ил болсон Х.Болорчулуун сайдын нэр эл тогтоолын автор дээр тодоос тод “цохиж” яваа. Улсдаа томоохонд тооцогдох гурилын компанийн эзэн сайд, гурил үйлдвэрлэгчдээ дэмжиж тогтоол баталлаа гэнэ. Үүнийг бид юу гэж ойлгох вэ? Өрөөлийг бус өөрийгөө бодсон л шийдвэр шиг ухагдах...
Будилаантай сайдын маань унаган зан хуйнаасаа ахин сугарчихаагүй л байлтай. Албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг үү, аль эсвэл ардыг бодсон “цэцэн” шийдвэр үү гэдгийг нь холбогдох байгуулллагынхан нь шалгана биз. Нягтлах ч ёстой. Эс бөгөөс ийм зүйлс том хулгайн эхлэл болсон тохиолдол энүүхнээс авхуулаад зөндөө.
Х.Болорчулуун сайдаа, өмнө нь болоод байдаг байсан шиг дураараа дургидаг үе өнгөрч, авлига, албан тушаалын хууль чангарсан шүү. Гэнэдэв дээ. Үүнийг төр түшилцэж яваа нөхөд чинь, танхимын тэргүүн Ерөнхий сайд чинь сануулсан гэж найдья. Төр түмэн нүдтэй гэдэг, ард түмэн ч харж байгаа. Нэг удаа өнгөрөөсөн. Хоёр дахь гэж харин өнгөрөөх болов уу гэдгийг л сануулъя.
Д.Сүрэн
Сануулга.мн