Х.Нямбаатар: Дотооддоо BET тавихыг хуулиар зөвшөөрнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Казиногийн тухай, Бооцоот морин уралдааны тухай, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслүүдийг УИХ-ын даргад өргөн барилаа. Тэрээр хуулийн төслүүдийн талаар мэдээлэл хийсэн юм.
Казиногийн өдөр тутмын орлогын 40 хувийг татварт авна
Тэрбээр "Казиногийн хуулийг Макаогийн эрх зүйн орчныг харж, судалж бичсэн. Сингапурын хуулийг мөн судалсан. Миний бие энэ хуулийн төслүүдийг сүүлийн дөрвөн жил судалж, сууж бичсэн. Макао улс гэхэд нийт улсын төсвийнхөө бүх орлогыг казиногоос бүрдүүлдэг. Тус улс 2002 онд казиногийн хуулиа баталж, либералчилж 2006 оноос дэлхийн тэргүүлэх чиглэлд багтсан байна.
Хэн нэг хүн өөртөө болон бусдад давуу байдал үүсгээд Казиногийн хуулийн дагуу лицензийг нь аваад бусдад дамлан зарах тохиолдол огт гарахгүй. Хуулиар бүрмөсөн хаасан. Хэн гэдэг оролцогч Монгол Улсын Засгийн газарт 300 сая ам.доллараас дээш бодит хөрөнгө оруулахаа илэрхийлнэ, тэдгээр оролцогчдын дунд Казино байгуулах лицензийг олгох зохицуулалтай. Өөрөөр хэлбэл, дуудлага худалдаагаар Монгол Улсын газар нутаг дээр бодит хөрөнгө оруулалт хийхээ илэрхийлж, барьцаа дэчингээ байршуулсан ААН-д казино байгуулах лицензээ өгнө. Хууль батлагдсаны дараа олон улсын хөрөнгө оруулагчдаас хүсэлтүүд ирэх байх. Хууль дүрмийнхээ дагуу лиценз олголт явагдана. Лиценз авсан ААН казино байгуулах ажилдаа орно. Эхний ээлжинд казино эрхлэх нэг зөвшөөрөл олгоно. Ингээд үйл ажиллагаа жигдэрсний дараа буюу таван жилийн дараа дахин казиногийн лиценз олгох эсэхийг УИХ шийдвэрлэхээр тусгаж байгаа.
Хоёрт, казиногийн үйл ажиллагаа эхэлнээс хойш өдөр тутмын орлогынх 40 хувийг албан татвар хэлбэрээр хурааж, төсөвт төвлөрүүлнэ. Ашгаас биш олсон орлогынх нь 40 хувийг хураах зохицуулалттай.
Гуравт, 30 жилийн дараа тухайн казиногийн ширээний 50 хувийг Монгол Улсын Засгийн газрын өмчлөлд шилжих нөхцөлтэйгөөр хуулиа бичсэн. Хөшигийн хөндий олон улсын нисэх буудлын зэрэгцээ газарт Олон улсын казиногийн цогцолбор байгуулна. Монголын Засгийн газраас газрыг нь өгөхөөр төлөвлөж байна. Онгоцоор ирсэн болон буцах гэж байгаа жуулчид болон бусад хүмүүс тоглож болно. Харин Монгол Улсын иргэд Казиногоор үйлчлүүлэхгүй байх зохицуулалтыг хийсэн.
Морин бооцоод уралдааны тухай хууль
Аялал жуулчлал болоод чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөдөг хамгийн том соёл бол морины соёл байдаг. Бид хэдий нүүдэлчин, морьтон монголчуудын удам хэдий ч сонгодог морин уралдааны соёл сайн нэвтрээгүй. Манай урд хойд хөрш болон дэлхийн бусад орнуудад сонгодог морин уралдааны соёл өндөр хөгжсөн байна. Тиймээс сонгодог морин уралдааны аялал жуулчлалыг татах соёлын бүтээгдэхүүнй болгож, нөгөө талд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх үүднээс Монголын морин уралдааны тухай хууль гаргаж байна гэж ойлгож болно. Энэ нэр томъёогоор хуулиа хийсэн.
Дотооддоо BET тавихыг хуулиар зөвшөөрнө
Манайд сугалаа, бооцоот тааврын талаар эрх зүйн орчин сул явж ирсэн. Хуулиар зохицуулсан зохицуулалтгүй явж ирсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд тусгай зөвшөөрлийг нь олгох журамтай. Нөгөө талд Сангийн сайдын эрхлэх асуудлын мөн тусгай зөвшөөрөл олгох зохицуулалт бий. Сүүлийн жилүүдэд миний нэр дээр хаягласан эцэг эхчүүд, ээж аав нараас гомдол мэдээлэл ирж байна. Залуус гадаадын онлайн бооцоот тоглоом, казинод донтож байна, их хэмжээний мөнгө санхүүгээ алдаж, түүнээсээ болж сургуулиасаа гарч, амьдралаа алдаж байна гэх гомдлууд ирж байна. Энэ талаас нь харсан дотоодын уралдаан тэмцээнд BET тавих эрх зүйн орчныг бооцоот төлбөр таавар, хонжворын хуулиар олгоно. Мөн сугалаа болон бусад төлбөрт таавар харилцааны асуудлыг зохицуулна.
Эдийн засгийн хямралыг гэтлэн давахын тулд уур уурхайгаас бусад салбаруудаа дэмжихэд Засгийн газар гол анхаарлаа төвлөрүүлж байна. Аялал жуучлалын салбарыг дэмжих хүрээнд дээрх гурван хуулийг дагалдуулан өргөн барьж байна. Казино болон морин бооцоот уралдаан, бооцоот таавар, хонжворт сугалааны хуулиуд бодитой хөрөнгө оруулалтыг бий болгож, ажлын байр нэмэгдүүлж, төсөвт бодит дэмжлэг үзүүлэх гэж харж байгаа" гэлээ.