Ж.Батсуурь: Шинэ онд Ардчилсан намын Их хурлыг хуралдуулж, намын дүрмээ шинэчилнэ
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн асуудлаар намын эв нэгдлийг хангах ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэг 39 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд 20 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөх багтай байхаар болж, өнөөдөр анхны хуралдаанаа хийжээ. Ажлын хэсгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь ажиллах юм байна.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “2020 оны УИХ-ын сонгуулиас хойш 2.5 жил өнгөрсөн байна. Үүнээс хойш АН-ыг шинэчлэх үйл явц болох үед ковид гарч, хугацаа алдсан. Мөн АН-ын цахим, цаасан сонгууль, сунгаа болсон. Энэ бүхнийг Улсын дээд шүүхэд бүртгүүлэх ёстой. Нийт 7 удаагийн үйлдлээр Дээд шүүхээс буцсан. Тиймээс энэ ондоо багтааж АН-ын эв нэгдлийг хангах ажлын хэсгийг байгуулсан. Мөн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүмүүсээр зөвлөх баг бүрдүүлсэн. Шинэ онд Ардчилсан намын Их хурлыг хуралдуулж, намын дүрмээ шинэчилнэ” гэлээ.
АН-ын гишүүн С.Баярцогт “Би намын эв нэгдлийг хангах ажлын хэсгийн 39 гишүүний нэг. Намынхаа эв нэгдлийг хангах, намынхаа удирдлагыг Дээд шүүхэд бүртгүүлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно. Манай нам Монгол Улсад ардчилал, шинэчлэлийг авчирсан, 200 гаруй мянган гишүүнтэй том нам. Манай нам дотор Ардчилсан намыг аваад явах, лидэр олон бий. Тиймээс манай намын удирдлагын асуудал нээлттэй байгаа” хэмээв.