Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

​П.Ганзориг: Нийслэл дэргэдээ нүүрсний ордтой болсноор хулгай л нэмэгдэнэ

​П.Ганзориг: Нийслэл дэргэдээ нүүрсний ордтой болсноор хулгай л нэмэгдэнэ

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Дорноговь аймгийн Улаанбадрах сумаас 20 гаруй км-ийн зайд коксжих нүүрсний ордыг нийслэлд авч, "Эрдэнэс Монгол"-той хамтарсан компани байгуулаад байгаа. Тус ордыг эдийн засагийн эргэлтэд оруулах замаар нийслэлийн утаа, түгжрэл гэх мэт тулгамдсан асуудлыг шийднэ гэдгийг тэрээр хэлсэн. Тэгвэл нийслэл дэргэдээ ордтой байх эсэх нь хэр зүйтэй талаар Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч, ХҮН-ын гишүүн  П.Ганзориг IToim.mn сайтад ярилцлага өгчээ.

Тэрбээр “Нийслэл ч бай, төр ч бай төсвөө бүрдүүлэх зорилгоор компани байгуулж, бизнесийн үйл ажиллагаа явуулах нь тохиромжтой шийдэл биш. Биш гэдэг нь дэлхий даяараа ч тийм байдаг. Өнгөрсөн 30 жилийн Монгол Улсын жишээнүүд ч буруу гэдгийг харууллаа. Төрийн өмчит компаниуд өнөөдөр ямар байдалтай байгаа билээ. Бүгд хулгай нүүрлэчихсэн. Банк байгуулсан ч Хөгжлийн банк нь хулгайчтай холчихдог. Уул уурхай хийсэн ч баахан хулгай. Нийслэл үүнтэй ялгаа байхгүй. Нийслэлд Монгол Улсын хүн амын тал нь амьдарч, эдийн засгийн 60-аас дээш хувь нь байна. Үүнийгээ дагаад маш их асуудал тулгарсан. Асуудлаа шийдэхийн тулд уул уурхайн компани байгуулсан. Гэхдээ хэзээ нь нүүрсээ олборлоод, тээвэрлээд, ашгаа олоод, асуудлаа шийдэх вэ. Энэ бол зөв шийдэл биш.

2022 оны тавдугаар сарын 31-нд Засгийн газрын тогтоол гаргасан. Уг тогтоолоор “Эрдэнэс Баянбогд” гэж компани байгуулаад, 34 хувийг нь "Эрдэнэс Монгол", 66 хувийг нь нийслэл эзэмших хувьцаат компани байгуулах тогтоол гаргасан. Ингээд зургадугаар сард НИТХ-аар албан ёсоор байгуулсан. Нийслэлийн иргэдийн хурал дээр МАН үнэмлэхүй олонх учраас асуудлаа шийдээд явдаг. Гэхдээ манай намын зүгээс нэгэнт л олонхоороо шийдээд компаниа байгуулаад явах учраас үйл ажиллагаа болон санхүүг нь олон нийтэд нээлттэй байлга гэсэн шаардлагыг тавьж байгаа. Тэгэхгүй бол энэ дараагийн Тавантолгой, дараагийн хулгайн асуудлуудын үүр уурхай болно гэсэн үг.

Нөгөө талдаа хэзээ энэ уурхайгаасаа ашгаа олоод нийслэлд тулгамдаад байгаа утаа, түгжрэл, хөрс, агаарын бохирдлын асуудлаа шийдэх вэ гэхээр богино хугацаанд боломжгүй. Өөрөөр хэлбэл, хэзээ энэ уурхайг олборлоод, нүүрсээ гаргаад, ашгаа олоод явах вэ гэдэг нь тодорхойгүй байна. 2024 он болтол Улаанбаатарын түгжрэлийг 50 хувь бууруулна гэж МАН-ын мөрийн хөтөлбөрт байгаа. Дөрвөн жилийнх нь тал хугацаа өнгөрсөн байхад түгжрэл эсрэгээрээ нэмэгдээд, тэг зогсолтын хэмжээнд хүрчихлээ. 2024 он хүртэл түгжрэлийн асуудлыг шийдэж чадахгүй нь. Өнгөрсөн жил Засгийн газраас нийслэлийн түгжрэлийг бууруулах хүрээнд 420 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Гэхдээ энэ бодит дэмжлэг болж чадаагүйгээс гадна яг юунд зарцуулсан бэ гэдэг одоо болтол олон нийтэд тайлагнаж, мэдээлээгүй байгаа. Нэлээд нь сургууль, цэцэрлэг, газар чөлөөлөлтөд зарцуулчихсан байдалтай байна.

Заавал төрийн оролцоотой компани байна гэж байгаа бол олон нийтийн болгох хэрэгтэй. Бирж дээр бүртгэлтэй, олон нийтэд тодорхой хувийг нь эзэмших нь зөв. Зарим хувийн компаниудыг ч оруулах хэрэгтэй. Тэгж байж менежмент нь сайжирна. Төр орох ёстой бол 34 хувийгаа аваад бусдыг нь хувийн хэвшил, олон нийтэд санал болгоод тэдний хяналт, оролцоог оруулах ёстой. Ингэснээр нээлттэй болж, олон нийтэд жил бүхэн тайлангаа тавьдаг, үр ашигтай болж эхэлнэ гэсэн үг. Нийслэлд тулгамдаад байгаа маш олон асуудал байна. Наад зах нь нийтийн тээвэр бол олон жил ужиграсан асуудал байна. Сүүлийн долоон жилийн хугацаанд нийтийн тээвэрт машин цагийн зөрүү, нөхөн олговорт нийлээд нэг их наяд төгрөг өгсөн. Ийм их хэмжээний зөрүү аваад байгаа хэрнэ нийтийн тээврийн хүртээмж, чанар, үйлчилгээ сайжрахгүй байна. Тэгэхээр энэ систем болохгүй байна л гэсэн үг. Үүн дээр төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайн ашиглах хэрэгтэй. Гэхдээ нээлттэй зарлаж оруулж ирэх хэрэгтэй” хэмээжээ.

sanuulga.mn

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)