Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

“Чингис хаан” банкыг Хятадууд худалдаж авна гэв үү

“Чингис хаан” банкыг Хятадууд худалдаж авна гэв үү

УИХ-ын нэгдсэн чуулган өчигдөр хуралдлаа. Чуулганы хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг хэлэлцсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нэгэн анхаарал татахуйц зүйлийг ярилаа.

Тэрбээр “Монголын нүүрсний экспортын 32 хувийг "Эрдэнэс Таван толгой" гаргаж байна. Сүүлийн гурван жилд 61 удаа сонгон шалгаруулалт хийж, 108 компанитай гэрээ байгуулсан. Сонгон шалгаруулалт гэхээр нэг хүнийг нь шалгаруулдаг биз дээ. Гэтэл 61 удаа шалгаруулж, давхар гэрээ хийчихдэг. Үүнийг цэгцлэхгүй бол худалдан авалтад оролцдог Хятад, Монгол зуучлагчид 100 сая ам.долларын өртэй "Чингис хаан" банкийг худалдаж авах гээд Монголбанкинд мөнгө байршуулаад явж байна. Тэр дунд Таван толгойн мөнгө ч байгаа. ЭМД, Нийгмийн даатгал, Хөгжлийн банкны мөнгө байгаа. Энэ хулгай чинь хэтрээд банк руу эдийн засгийн гол судас руу орж ирж байна” хэмээжээ.

Ш.Раднаасэд гишүүний хэлсэн үг ортой бол тун удахгүй “Чингис хаан” банк Хятад  улсын мэдэлд очих нь. Мянганы суут хүн, тусгаар тогтносон Монгол улсыг дэлхийд сурталчилж, таниулдаг хамгийн том “бренд” Чингис хаанаар маань “овоглосон” эл банкны захирлаар Хятад цуст Ли гэх нөхөр томилогдчихоод “малийж” суух цаг ойртож. Ийм зүйл байж болохгүй. Зүйд нийцэхгүй. Хэрэв тэгвэл бид “Чингис хаан” банктайгаа хамт Чингис хаанаа, үндэсний бахархлаа Хятадуудад худалдсан хэрэг болно.

Урд хөршийн эдийн засаг жилээс жилд өсөн дэвжиж байна. Хятадуудад шалихгүй зүйлийг арчилж, тордоод “шижир алт” болгочих чадал хангалттай бий. Болгосон жишээ ч тоймгүй олон. Тийм байхад “Чингис хаан” банкыг худалдаж аваад Дэлхийн банк болгочихыг нь хэн ч үгүйсгэхгүй юм. Тэгвэл тэнгэр нурлаа л гэсэн үг. Ахин бид Чингис хаан гэх алдраар гоёх эрхгүй болно.

Ер нь “Чингис хаан” гэх нэрийг элдэв байдлаар ашиглах явдлыг хуульчилж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй л бол архины шилнээс авхуулаад оймсны түрүүн дээр ч үзэгддэг болж. Сүүлдээ бүр харийн хэд нь ч чөлөөтэй “эзэмшихээр” санаархаж байх шиг.  

Чингис хаан банкны 100 сая долларын өр бий. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа. Гэхдээ энэ өрийг яаж ийгээд л бид өөрсдөө төлөх хэрэгтэй. Тэгэхгүй л бол горьгүй нь. Эрх баригчид ч үүнийг ухамсарлаж байгаа гэж найдъя. “Өврөө хоослоод” ч болов бахархалтайгаа бас банктайгаа үлдье.

Д.Сүрэн

 

 

  

  

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)