Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Б.Пүрэвдорж: Нэгнээ намнах хэрэгсэл болгож, нэр хүндэд нь халддаг байдлаа болиорой

Б.Пүрэвдорж: Нэгнээ намнах хэрэгсэл болгож, нэр хүндэд нь халддаг байдлаа болиорой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлэхийн өмнө УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлж, нүүрсний хулгайгаар дамжуулан эрх баригчид нэгнээ намнаж байна гэв.

Тэрээр “Нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар би УИХ-ын чуулганд яриад явдаг байсан. Гэтэл Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуяг намайг хоёр ч удаа цагдаад өгч байлаа. Ийм гэмт хэргийн шинжтэй үйлдлийг дахин, дахин яриад байхад хууль хяналтын байгууллага ерөөсөө авч хэлэлцээгүй. Хулгайн асуудлыг эрх баригчид бүгд мэдэж байсан. Өнөөдөр гаргаж ирж байгаа нь нэгнийгээ намнах хэрэгсэл болгож буй юм. Энэ хэрэгсэлдээ АН-ын хоёр гишүүнийг оруулж ирсэн. Мөргөцөг хулгайлсан гэж байгаа юм. Гэтэл мөргөцгийг бялуу хуваадаг шиг шууд хуваадаг юм байхгүй. Аль аль тал руу нурж, тэндээсээ олборлож хоорондоо тооцоогоо хийгээд явдаг. Гэтэл гүтгэлэг хийсээр байна.

Тээврийн асуудал дээр АН-ын гишүүнийг яриад байна. А.Адъяасүрэн гишүүн нэг кг нүүрс, жолооч нартайгаа хамт нийлээд гаргасан бол ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн байна гэдгээ илэрхийлсэн. Үнэндээ эрх баригч нар л асуудалтай шүү. Тэд нүүрсний хулгайг нэгнээ намнах хэрэгсэл болгосон нэг жишээ бол Б.Баттөмөр гишүүн. Б.Баттөмөр гишүүн та өөрөө буруутай шүү дээ. Та яах гэж Боомтын сайд болно гэж нааш цаашаа гүйсэн юм бэ. Тэгэнгүүт таныг мулталж, хил рүү явж боомт хариуцах боломжгүй болгож байна шүү дээ. Мөн Ц.Сэргэлэн гишүүн байна. Ямар ч асуудалгүй, төрийн “хар” хүн. Нүүрстэй ойртуулах нэг л зүйл байгаа нь бор нүүр л байгаа, өөр юу ч байхгүй. Ингэж нэгнээ намнах хэрэгсэл болгож, нэр хүндэд нь халддаг, дараагийн тойргийг сулладаг, албан тушаалаас мулталдаг байдлаа болиорой. Сонгууль дөхөж байхад нүүрсний хулгайн араар нэр дэвших сонирхолтой хүмүүс бий. Хүмүүсийн нэрийг харлуулж, парламентын дархлааг унагаж, парламентыг муухай харагдуулдаг шүү. Битгий янз бүрийн юм хийгээд байгаарай” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)