Ш.Адьшаа: “Онц байдал тогтоохыг дэмжсэн 30 гишүүн” гэдэгт миний нэрийг оруулж сэвсэн
Нэг долоо хоногийн өмнө УИХ-ын гишүүн Ш.Адьшаа цаг үеийн асуудлаар Eguur.mn сайтад тодруулга өгчээ..
Тэрбээр “УИХ-д орж ирэхээсээ өмнө Тавантолгой компанийн нүүрстэй холбоотой том хулгай, луйвар бий гэдгийг мэдэж байсан. Парламентад орж ирээд олон талаас нь лавшруулан судалсан. Үнэхээр ард түмний баялгийг хулгайлсан, улстөр дамнасан том бүлэглэл бий гэдэг нь тодорхой. Энэ нь оффтейк гэрээ, тээвэр логистик, төмөр замын бүтээн байгуулалт дамжсан асуудлуудаар илэрч байгааг та бид харж байна. Ингээд 2022 оны гуравдугаар сард нүүрсний хулгайн асуудалтай холбоотой Хянан шалгах түр хороо байгуулах санал гаргаж байлаа. Энэ тухайгаа УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт танилцуулсан. Улмаар УИХ-ын 26 гишүүнээс дэмжлэг авч, “боомт нүүрс тээвэрлэлтийн төр хувийн хэвшлийн том компаниудад хяналт шалгалт хийе, тэгэхгүй бол хөл толгойгоо алдсан замбараагүй асуудал байна” гэдгийг хэлсэн л дээ. Ингээд нүүрсний хулгайн хэргийг шалгах үүрэг бүхий Хянан шалгах түр хороог УИХ-аар батлуулж, шүгэл үлээсэн хүн бол би. Хаана ч хэлнэ.
Анх энэ шүглийг би үлээсэн гэж хэлсэн. Энэ нь маш олон эрсдэл дагуулдаг юм байна. Хулгайч нар эргэж хашгирч, намайг холбоотой мэтээр гүжирдэж эхэлсэн. Харлуулах ямар л боломж гарч ирж байна тэр болгоныг ашиглаж байх шиг. Тэрний нэг нь “Онц байдал тогтоохыг дэмжсэн 30 гишүүн” гэдэгт миний нэрийг оруулж сэвсэн юм билээ. Түүгээр над руу дайрч, доромжлох, харлуулах үйлдлүүд гарсан. Харамсаж байна.
Гэтэл арванхоёрдугаар сарын 05-нд цахим чуулган хуралддаг өдөр би Ховд аймгийн Алтай суманд иргэдтэй уулзаж явсан юм шүү дээ. Үүнийг нотлох лайв бий. Цахим чуулган хуралдахыг ч мэдээгүй. Дараа нь УИХ-ын тамгын газраас “Цахим чуулганд оролцоогүй тухай”-гаа нотлосон бичиг авсан. "Та цахим чуулганд суугаагүй юм байна" гэдэг хариу өгсөн. Мэдээлэх эрхийнхээ хүрээнд үнэн зөв мэдээлэл өгөх нь зөв байх. Өөрийгөө хамгаалж байгаа юм биш” хэмээжээ.