Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.22

“Өвчтэй хүн эдгэрээд инээгээд гарах шиг сайхан зүйл байдаггүй”

“Өвчтэй хүн эдгэрээд инээгээд гарах шиг сайхан зүйл байдаггүй”

“Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог” буландаа ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиникийн мэс заслын зөвлөх, их эмч Б.Цагааныг урьж, ярилцлаа.  Тэрбээр монгол хүний эрүүл мэндийн манаанд 32 дахь жилдээ зүтгэж буй туршлагатай эмч нарын нэг.    
Б.Цагаан хэмээх эрхмийн амьдралын хуудсыг эргүүлж суухдаа хүн аав ээжийнхээ ярьж хэлснийг дагаснаар бурууддаггүй, хань ижил, эзэмшсэн мэргэжилдээ үнэнч, тууштай байснаар гунддаггүй, үр хүүхэд, залуу үедээ үлгэр дуурайлал үзүүлснээр ямагт эгэл атлаа эрхэмсэг оршдог болохыг мэдэрч суусан билээ. 

 

ХҮН БОЛОХ БАГААСАА ХҮЛЭГ БОЛОХ УНАГАНААСАА...

 

Түүний  унасан газар угаасан ус бол Ховд аймгийн Буянт сум.  Тэрбээр эцэг эхээс 10-уулаа.  Айлын гурав дахь хүүхэд.  Бага нас нь алдарт Буянт голын ойролцоо, малын захад дэгэж дэрвэж өнгөрсөн.  Аав нь Бямбадорж гэж улсын хошой аварга малчин хүн байжээ.  Ээж Дашхүү нь жирийн нэгэн саальчин эмэгтэй.  Тэрбээр “Би малын захад өссөн хүүхэд.  Хааяа өвдөөд сумын эмнэлэг орно. Бага байхад эмч хүн их гоё харагддаг байлаа.  Цагаан халаадтай нүдэнд дулаахан, хүний төлөө гэсэн сэтгэл нь хүртэл мэдрэгдэнэ. Эмч дээр очоод эдгэрээд гарна.  Ээж аав  маань ч та нар олуулаа учраас хэн нэг нь эмч болох хэрэгтэй гэдэг байв.  Бага насны минь мэдрэмж, ээж аавын минь үг миний ажил мэргэжлийн замд сайн сайхнаар нөлөөлсөн дөө.  Ингээд Ховд аймагтаа аравдугаар ангиа төгсөөд хот руу Анагаах ухааны дээд сургуульд явсан. Тэр үед аав, ээж минь “Миний хүү сайн сураарай.  Нэр хүндтэй хариуцлагатай мэргэжил учраас сурахаас өөр зам байхгүй.  Эмч хүн гэдэг ямар нэгэн техниктэй биш, малтай биш хүнтэй, хүний хувь тавилантай харьцах хариуцлагатай мэргэжил шүү дээ” гэж хэлж байв. Одоо ч тэр үгс миний сэтгэлээс гардаггүй дээ” гэв.  Мөн  тухайн үед хүүхдүүд их хүмүүжилтэй, ээж аавынхаа үгнээс гардаггүй байсан даа.  “Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа” гэдэг их чухал санаж явах учиртай үг юм шүү гэдгийг туршлагатай эмч маань онцолж байлаа.  

 

“АМЬДРАЛЫН ҮНЭНИЙГ ДЭНСЛЭХ АМАРГҮЙ” 

 

Тэрбээр Ховд аймагтаа арван жилийн сургууль төгсөөд 1984 онд  Улаанбаатар хотод ирж, Анагаах ухааны дээд сургуульд, их эмч мэргэжлээр суралцсан байдаг.   Тухайн үед эмч болох хүмүүсийг  нэг жил асрагч хийлгэдэг боловсролын хөтөлбөртэй байжээ.  Ховд аймгаас ирсэн малчин хүү Цагаан тэр үед Хавдар судлалын Үндэсний төвд нэг жил асрагчийн ажил хийсэн юм.  Тэрбээр энэ талаар “Тэр их зөв бодлого байсан.  Асрагч хийгээд би маш их зүйл сурсан.  Эмнэлгийн шалыг бол ёстой гараа цэврүүттэл угаасан даа. За тэгээд өвчтөнөө асарна.  Өвчтэй хүний бие, сэтгэл зүйтэй тулж харьцана. Хүнийг өрөвдөж, хайрлаж сурна.   Ер нь эмч хүн ямар байх ёстой вэ гэдгийг нэг жилийн хугацаанд ойлгож авсан.  Тэр бол эмч болох хүсэл мөрөөдлийг маань улам зүлгүүрдэж, сэтгэл санааг минь бэлтгэж өгсөн он жил  байсан юм” гэв. Түүний дараа тэрбээр 1991 онд Анагаах ухааны дээд сургуулиа төгсөөд  Баянхонгор аймгийн Баянлиг суманд эмчээр хуваарилагдсан гэдэг.  Тэр үеийн бодлогоор эмч хүн төгсөөд нэг жил хөдөө орон нутагт ялангуяа суманд ажилладаг байв. Ингэж Б.Цагаан эмч ажил мэргэжлийн гараагаа Баянлиг сумаас эхэлж, дараа нь Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт эмч, хэлстийн дарга, зөвлөх, эмнэлгийн дарга хүртлээ дэвшиж ажилласан түүхтэй. Тэрбээр “Эмчийн мэргэжил их сайхан. Энэ мэргэжлийг эзэмшсэндээ бахархаж, мэргэжлээ их хүндэлж явдаг.  Хүний амьдралын  итгэл найдвар болсон мэргэжлийнхээ үнэ цэнийг сэвтээхгүйг юмсан гэж хичээсээр яваа хүн.  Өвчтэй хүн орж ирээд эдгээд инээгээд гарах шиг сайхан зүйл байдаггүй.  Урам зориг, том шагнал, баяр баясгалан тэр л байдаг.   Нөгөө талаар хүнд өвчтэй хүн их ирнэ.  Эмч нар бүхий л бололцоогоо дайчлан ажиллаад аварч чадахгүй ялагдах тохиолдол бий.  Энэ бол эмч нарын хувьд их эмзэг сэдэв юм шүү дээ.  Амьдралын үнэнийг дэнслэх шиг хэцүү зүйл байхгүй дээ” гэсэн юм. 

 

 

“АМАРГҮЙ ЦАГ ҮЕҮДИЙГ ХАМТ ОЛНООРОО ДАВАН ТУУЛСАН”

 

Тэрбээр Баянхонгор аймагт ажиллаж байгаад 2008 онд хотод шилжин иржээ. ХӨСҮТ-дөө нэг жил эмчилгээ эрхэлсэн дэд захирлаар  ажилласан.   Тэр жилүүд бас их онцлогтой, амаргүй байсан гэдэг.   Учир нь  Монголд анх удаа “Н1N1” вирусын халдварын голомт бүртгэгдэж, нийгэм ч нэлээд цочирдон хүлээж авсан гэдэг.  Эмч эмнэлгийн ажилчид маань “онц байдал”  авч ажил дээрээ амьдарч байсан аж.  Гэр орноо бараг мартсан, хүндхэн нэг жилийг даваад гарсан юм шүү хэмээн Б.Цагаан эмч маань ярьж байв. Мөн өнгөрсөн  гурван жилийн ачааллыг энд ярихгүй өнгөрч боломгүй. Б.Цагаан эмч бол коронавирусын яг л голомтод нь гардаж ажилласан эмч.   Тэрбээр энэ талаар “2019 оноос хойш цар тахал буюу COVID-19 бүртгэгдсэн.  Одоо ч үргэлжилж байна.  Эмч эмнэлгийн ажилчид маань нойр хоолоо умартан зүтгэлээ. Яг дэгдэлтийн үед 18-21 хоног бүгд тусгаарлагдаж ажилласан.   Өөрсдөө цар тахлаар өвчилсөн ч өвчтөнөө хамтдаа эмчлээд явж байсан. Бид баг хамт олноороо нэн хүндрэлтэй цаг үеийн ард нь гарч чадсан.  Одоо нэг үеэ бодоход оношлогоо эмчилгээ сайжирч, эмч эмнэлгийн ажилчид маань туршлага суулаа. Цар тахал ч  жаахан намжих төлөвтэй байна” гэлээ.  Б.Цагаан эмч ажлаа хийж байхдаа хоёр ч удаа COVID-19-өөр өвчилжээ.  Гэсэн ч тэрбээр сэтгэл амар суугаагүй ажлаа хийгээд л зүтгэсэн гэдэг.  Тэрбээр “Би өөрөө сүрьеэ уушгины хөндийн мэс заслаар мэргэшсэн  эмч хүн.  Энэ удаагийн вирус их үлдэц, ужиг ихтэй өвчин юм байна. Ядарч сульдахаас эхлээд мартамхай болж байна.  Уушгийг их гэмтээж, голомт үлдээж байна шүү.  Мэргэжлийн эмчид хандаарай”  хэмээн эмч маань сэрэмжлүүлэхээ мартсангүй. 

 

СҮРЬЕЭГИЙН ЭМЧИЛГЭЭ, ОНОШИЛГОО САЙЖИРСАН Ч АСУУДАЛ БИЙ

 

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиник  Монгол Улсын хэмжээнд ганцхан байдаг.  Сүрьеэгийн төрлийн мэс заслууд энэ тасагт хийгдэж байна.  Тэр ч утгаараа эмч нар нэлээд ачаалалтай ажилладаг бололтой.  Энэ тасаг 35 ортой, жилдээ 600-700 хагалгаа хийдэг ажээ.  Б.Цагаан эмч “Манай иргэд Сүрьеэгийн төрлийн мэс заслыг их сайн ойлгодоггүй. Уушгины л өвчин гэж хараад байдаг. Гэтэл үгүй юм.  Сүрьеэ гэдэг өөрөө их урхагтай.  Уушгины, уушгины бус сүрьеэ хоёр янз бий. Уушгины бусад нурууны, хэвлийн хөндийн ясны, нүдний, арьсны сүрьеэ багтаж байна. Эдний бүх хагалгаа манай дээр хийгддэг. Уушги тайрах хагалгаа, нуруу нугас, ясны хагалгаа гээд том хагалгаанууд хийж байна.   Одоогоор манай тасаг найман эмчтэй ажиллаж байна. Эмч нар маань харьцангуй туршлагатай.  Нөгөө талаар залуу эмч нар маш нарийн, мэргэжлийн болж орж ирж байгаад ахмад эмчийн хувьд их баярладаг” гэлээ. Мөн тэрбээр “Сүрьеэгийн эмчилгээ 10 жилийн өмнөхөөс эрс сайжирсан шүү.  Ер нь дэлхийн хүн амын 30 гаруй хувь нь сүрьеэгийн халдвараар халдварлагдсан байдаг. Үүний 10 хувь нь сүрьеэгээр өвчлөх магадлалтай. ДЭМБ-ын мэдээллээр жилд 10 орчим сая хүн энэ өвчнөөр өвдөж байна.  Үүний 1.5 сая хүн нь нас барж байна.  Эмчилгээ, оношлогоо сайжирснаар өвчлөл буурч байгаа ч хангалттай хэмжээнд үр дүнтэй байж чадахгүй байгаа.   Үүнд янз бүрийн шалтгаан нөлөөлдөг.  Эрт оношлогдох шаардлагатай байна.  Суурь өвчтэй хүмүүс анхаарах хэрэгтэй.  Мөн амьдралын дорой байдал нөлөөлж байна. Манай иргэд сүрьеэгийн талаарх мэдлэгээ сайжруулмаар байна” гэлээ. 

 

“СУВИЛАГЧ БАЙХГҮЙ БОЛ БИ ХЭН Ч БИШ” 

 

Эмч маань хамт олныхоо тухай, хийж байгаа ажлынхаа тухай  ярих их дуртай юм.  Харин өөрийнхөө тухай ярихдаа жаахан маруухан.  Түүнээс “Та улсад 32 жил ажиллажээ.  Шантрах буцмаар болох үе байв уу” гэхэд  “Эрүүл мэндийн салбар амаргүй л дээ. Цаг зав бага, цалин мөнгө хангалттай биш.  Зах  зээлийн нийгэм болох 1990-ээд онд олон хүн энэ салбарыг орхиж байсан. Би мэргэжилдээ, хайртай дуртай учраас энэ салбараа орхиогүй үлдсэн эмч нарынхаа төлөөлөл.  Одоо ингээд бодоход би өнгөрсөн 32 жилийн хугацаанд ерөөсөө ажил завсардаж, цалгардуулж байсангүй, чөлөө ч авч үзээгүй  юм билээ” хэмээв.  Мөн “Эмч хүн хэчнээн сайн байгаад сувилагч байхгүй бол хэцүү шүү дээ.  Бүгд нэг баг болж ажиллаж байж хүний эрүүл мэндийг аварна. Японы нэг алдартай эмчийн хэлсэн үг байдаг даа. “Сувилагч байхгүй бол би хэн ч биш” гэж хэлсэн.  Энэ үгийг хэлэх  дуртай даа гэв. 

 

УРГАЦЫН ТАЛБАЙ ДЭЭР ТАНИЛЦСАН ЭМЧ НАР

 

Б.Цагаан эмчийн гэр бүлийн хүнийг Ц.Сарантуяа гэдэг.  Мөн л эмч мэргэжилтэй.  Одоогоор Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт дотрын их эмчээр ажиллаж байна. Тэд оюутан байхын хосууд. Бүр тодруулбал, Анагаах ухааны дээд сургуулийн гуравдугаар курсын оюутнууд байхдаа танилцжээ.  Тэр үед бүх оюутнууд Сангийн аж ахуй явдаг байсан бөгөөд тэд  Зүүн хараагийн ургацын талбай дээр танилцаж байсан гэдэг.   Мөн Б.Цагаан эмч сургуулиа төгсөөд Баянхонгор аймагт очиж ажилласан нь ч учиртай.  Ц.Сарантуяа эмч Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын хүн бөгөөд тэд хамтдаа Баянхонгор аймагт нэгэн үе ажиллаж байсан гэдэг.  Тэрбээр “Бид ханилаад 35 жил болж байна.  Эхнэр маань надтай адил эрүүл мэндийн салбарт 32 дахь жилдээ ажиллаж байна. Гэр бүлийн хүмүүс хоёулаа эмч байх их сайхан шүү.  Бие биенийхээ зовлон жаргалыг ойлгоно.  Мэс заслын эмчийн амаргүй албыг хань минь л ойлгодог доо”  гэв. Тэднийх дөрвөн хүүхэдтэй. Хамгийн том хүү Ц.Оюун-Очир нь  аавынхаа мэргэжлийг эзэмшсэн, мэс заслын их эмчээр ажилладаг.   Дараагийн хүү Ц.Ойдовдорж нь  Баянзүрх дүүргийн татварын албанд ажиллаж байна.  Хоёр ихэр охинтой.   Охин Ц.Анужин нь СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн.  Ц.Анударь нь  МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Одоо “Говь” компанид ажилладаг.  Энэ жил мөн хоёр зээ охинтой болжээ.  Өвөө эмээ нь тэдэндээ ёстой л хамаг бүхнээ бариад гүйдэг, хайрладаг нь эмчийн ярианаас илт мэдрэгдэнэ.  Тэрбээр “Миний аав надад хүний үг дааж сур гэж хэлдэг байсан.   Чи ер нь юу ч биш шүү.  Биеэ битгий тоо гэдэг байсан.  Ядарсан хүнд тус болж яв, хайрла. Хүнийг хайрлаж байж хүнд хайрлуулна гэдэг байлаа. Би тэр үгсийг одоо үр хүүхдүүддээ байнга хэлдэг. Ахмадын сургааль алт гэдэг шүү дээ гэв.  

 

ЭМЧ БИШ Б.ЦАГААН

 

Тэрбээр  яруу найраг сонирхдог.  Мэс заслын эмч хүн яруу найраг сонсож болно биз дээ хэмээн инээж байв.   Яруу найраг бол оюуны гимнастик  гэдгийг тэрбээр мэдэрч ядаргаа, ажлын ачааллаа яруу тансаг үгсийн чуулганаар тайлж сурчээ.    Мөн тэрбээр монгол бөхийн улаан хорхойтон.  Бөхийн барилдаан очиж үзнэ,  Сэлэнгэ нутгийн бөх П.Орхонбаяр, өөрийн нутгийн бөх О.Хангай  аваргаа дэмжинэ.  Малчин ардын хүүхэд учраас хурдан морины уралдаанаа үзэж, самсайгаа шархируулах бас дуртай.  Нутаг усандаа яардаг.  Эх орныхоо байгалийн баян тансагийг гайхан биширч тэндээсээ бахархал, хайрыг мэдэрдэг.  Ийм л нэгэн жирийн  Монгол хүн билээ, бас.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)