Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийг ирэх оны есдүгээр сараас өмнө бүрэн хийж дуусгана
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арванхоёрдугаар сарын 21-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Шинэ тойрог зам” төслийн 83 км замыг нэг жилийн хугацаанд барьж байгуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 17-нд Улаанбаатар хотын түгжрэл, төвлөрөл болон шинээр барьж байгуулах зам, замын байгууламжийн чиг (трасс)-ийн төлөвлөлттэй танилцсан. Тус арга хэмжээний дүнг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд хэлэлцүүлж дараах шийдвэрийг гаргалаа.
Хуралдаанаар нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийг ирэх оны есдүгээр сараас өмнө бүрэн хийж дуусгаж, нийтийн тээврийн үйлчилгээнд үйлдвэрлэснээс хойш арваас дээш жил ашигласан тээврийн хэрэгслийг ашиглахгүй байх чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт үүрэг болгов.
Мөн “Богдхан төмөр зам” төслийг “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээр хариуцуулан гүйцэтгүүлэх, тус төмөр замын шугамыг ОХУ-тай эцэслэн тохирох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судалж, зохих арга хэмжээ авах, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахтай холбогдуулан боловсруулж байгаа хууль, тогтоомжийн төслийг холбогдох талуудад танилцуулах уулзалтыг ирэх оны нэгдүгээр сарын эхний хагаст багтаан зохион байгуулахыг холбогдох сайд нарт даалгалаа.