УИХ-ын дэд дарга асан Т.Аюурсайхан сайд болмогцоо хууль зөрчин томилгоо хийжээ
2022 оны 11 дүгээр сарын 28-нд Ikon.mn сайтад нийтлэгдсэн нийтлэлийг та бүхэнд хүргэж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхантай холбоотой асуудлыг эргэн сануулъя
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдоод сар болж буй УИХ-ын дэд дарга асан Т.Аюурсайхан Төрийн албаны тухай хууль зөрчин томилгоо хийсэн нь АТГ-ын албан бичгээс ил болов.
Тодруулбал, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн захирал асан А.Ариунболдыг 2022 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.
Энэхүү томилгоог хийхээр Аюушийн Ариунболдыг нэр дэвшүүлэх үед Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай хариу албан бичигтээ Авлигатай Тэмцэх газар "Нэр дэвшигч А.Ариунболд нь Төрийн албаны тухай хуульд заасан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг зөрчихөөр байх тул нийтийн албанд сул орон тоо гарсан тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан этгээдийг нэр дэвшүүлэхээр байна” хэмээн дүгнэсэн байна.
Өөрөөр хэлбэл, тухайн нэр дэвшигчийг томилох нь Төрийн албаны тухай хуулийг зөрчихөөр байгааг ийнхүү тайлбартаа дурджээ.
Хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-ын дэд даргаар ажиллаж, хууль тогтоох үйл ажиллагаанд биечлэн оролцож ирсэн Т.Аюурсайхан Засгийн газрын гишүүн болж, ХНХ-ын сайд болмогцоо хуулиа зөрчиж, ийнхүү томилгоо хийсэн нь олон нийтийн анхаарлыг татаж байна.