Монголын улс төрчид С.Шаарийбуу гуайн дэргэд салхин сэнс төдий
С.Шаарийбуу гэдэг энэ эцэг гайхамшигт хүн юм. Энэ хүн хөнөөгдсөн охиныхоо хэргийн үнэнийг олохын төлөө 17 жил цөхрөлтгүй тэмцэж ялалт байгуулав. Малайзын төрөөр уучлалт гуйлгаж чадаж. Малайзын улс төрчдийг, тэр битгий хэл Ерөнхий сайд хийж асан хүнийг хүртэл ялан, шударга үнэнийг тогтоолгожээ.
Энэ бол үрийнхээ төлөө, үнэний төлөө явсан эцэг хүний ер бусын дуулал юм. Хамгийн гол нь хаа байсан Зүүн Азид, тэртусмаа хөгжсөн орон Малайзын дээд эрэмбийнхэнтэй манай нэг иргэн ийнхүү гайхалтай өрөг нүүж, шударга үнэнийг тогтоосноороо үлэмж хүчирхэг, ер бусын ялалт эзэмшигч боллоо.
Ингэж нэг иргэн нь тив дамнан, бусдын шударга бусыг шүүж, шүүлгэж чадаж байхад эх орныхоо баялагийг үнэмлэхүй тонуулсан "эх орончид"-оор дүүрэн Монголчууд өөрсөддөө өндөр дүгнэлт хийх хэрэгтэй юм аа.
С.Шаарийбуу гуай хэлсэн байна лээ, энэ явдлын нөхөн төлбөрт дөрөв дөхүү тэрбумын олговор авсан ч, навсайсан амьдрал л үлдсээн гэж гунигтайгаар ярьжээ. Манай улсын амьдрал ч навсайсан байна.. Навсгар л байна шүү дээ.
Манай улс төрчид өө, та нар С.Шаарийбуу гуай шиг бай л даа. Энэ улс орондоо шударга ёсоо тогтоож чадахгүй бол С.Шаарийбуу гуай шиг хүмүүст зайгаа тавиад, зайлан одооч ээ.
Хүн үнэний төлөө, үнэн цөхрөлгүй явж чадвал ямар өндөр боломж байдгийг энэ хүн эл бие, оюун тархи, ухаан бодлоороо, нөр тэмцлээрээ харуулж чадаж байна биш үү. Тэгэхэд ордноороо дүүрэн хулгайгаа дуудалцсан манай улс төрчид С.Шаарийбуу гуайн дэргэд салхин сэнс төдий юм. Яагаад гэвэл тэд салхи л гарахгүй бол хөдөлдөггүй, сэнс шиг л арчаагүй байдалд дархлагджээ.
Манай улс төрчид эх орны эрх ашгийн төлөө салхи гаргахгүй, савир оруулахгүй. Ийм л байна. Монголын улс төрчид иргэн С.Шаарийбуугийн дэргэд ичгүүртэй байна. Монголын улс төрчид С.Шаарийбуу гуайн хажууд шавьж төдий харагдаж байна.
Монголын улс төрчид С. Шаарийбуу гуайн хажууд эр зориг, эх оронч хүсэл зориг огтхон ч алга. С.Шаарийбуу гуай бол өрхийн тэргүүн, гэрийн эзэн. Энэ хүн гэрийнхээ төлөө, өрхийн тэргүүнийхээ үүргийг үнэхээр төгөлдөр гүйцэтгэж байна.
Улсыг айл гэвэл манай улс төрчид, төрийг баригчид айлын эцгүүд маань биз дээ. Тэгвэл тэд С.Шаарийбуу гуай шиг эцэг, эзэн, өрх гэрийн тэргүүн байж чадахгүй байна. Улсаа тоночихсон, гэрийг нь сүйдэлчихсэн байхад Монголын улс төрчид эцэг хүний, өрхийн тэргүүн хүнийхээ үүргийг огтхон ч гүйцэтгэхгүй байна.
Гүйцэтгэж чадахгүйгээр үл барам жигшүүртэй байна. Монголын улс төрчид өө, хатан зоригт эцэг, харишгүй шударгын төлөөх С.Шаарийбуу гуай шиг бай л даа. С.Шаарийбуу гуай та нарын дэргэд Шадар ван Чингүнжавын дайтай байна.
С.Шаарийбуу гуайн та нараас шанага шанагаар оюун ухаан төгс илүү байна. Том байна. С. Шаарийбуу гуайгаас суралц аа, унжийсан улс төрчид өө. С.Шаарийбуу гуайд Чингис хааны одонгоо өг өө, Ерөнхийлөгчөө.
С. Санаагариг
Sanuulga.mn