Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Ёндондоо ёндоотой юм

Ёндондоо ёндоотой юм

Эрдэнэс таван толгойд хулгайн зуд нүүрлэснийг эдүгээ бүгдээр ярьж байна. Шогширч байна. Эрдэнэс таван толгойгоос эрт ээ, бүр эрт ийм зуданд нэрвэгдсэн газар бол Эрдэнэт үйлдвэр. Үе үеийн Ерөнхий захирлууд нь дуулианы эзэд. Идэж уусан дуулианы эзэд байдаг.

Ч.Ганзориг гэдэг захирлын нь шамшигдуулалыг сая нэг юм шүүх барагдуулж байх шиг. Гэтэл Ч.Ганзоригоос хойш хэд хэдэн захирал томилчихлоо. Өчигдөр, уржигдар уу даа, Г.Ёндон захирал Эрдэнэт хот, үйлдвэр орчмоо цас мөснөөс салгасан харагдлаа. Үйлдвэрийн ажилчид хөдөлж. Үгүй  ээ, энэ чинь гэр дээр цас орвол айлын нэг нь гараад цас унагаснаа нэг их сайрхаж ярьдаггүй биз дээ.

Гэтэл Г. Ёндон сайд сайрхаад, Ц.Бат-Энх гэж нөхөр уул нураасан аятай “бүтээн байгуулалт” хийсэн шахуу юм ярьсан олон нийтийн сүлжээгээр нэг тархаж. Энэ чинь та бүхний сайрхах юм огт биш.

Та бүхэн Х.Бадамсүрэнгийнхээ “Хөдөлмөрийн баатар” болоод явсан үйлдвэрийг бие эрүүл, бүтэн байгааг шалгах явдал л жинхэнэ “бүтээн байгуулалт”. Бадамсүрэн бол баахан мөнгө эргэлдүүлж баатар болсон. Цахилгаан дулааны мөнгийг нь төлсөн гэж хэлэх байх. Цахилгаан дулааныхаа өртгийг төлдөггүй хүн зах зээлийн нийгэмд байж болохгүй. Их наядаар түгээсэн тэр их мөнгийг энүүхэндээ л гэхэд урагш хил тулгасан мухар төмөр замд гарц, уй гамшиг болсон Дарханы замд хөрөнгө оруулсан бол  улс х орондоо, эдийн засагтаа жинхэнэ хөрөнгө оруулалт болох байв. Мөнгийг өсгөсөн мөнгөн дэм болох байв. Гэвч тэгээгүй.

Улс төрийн поп амлалт, түүний дайрлагад өртөж нийцээгүй халамжид нисэж одсон. Эрдэнэт үйлдвэрт элдвийн л юм болсон. Бадамсүрэн нь хүүхдийнхээ сургуулийн төлбөрийг Эрдэнэтийн мөнгөнөөс төлөөд л. Дэргэд нь суусан мөнгө барьсан захирал орлогч хүүхэн эрх ашгийн сонирхол дүүрэн үйлдэл түм түмээр хийгээд л.

Шилэн Цогоо сэмэртэл нь хэлсэн дээ. Өдгөө өнөөх хүүхэн Тамгын дарга, дээр нь Г.Ёндон захирал. Ёндон одоо наад үйлдвэртээ ёроолын сорил тавих, тавиулах нь хэтэд өөрт нь хэрэг болно. Ирж захирлын суудалд суухаас өмнө энд юу болсон бэ гэдгийг зааглах. Үйлдвэрт дорвитой хөрөнгө оруулалт юу ч хийгдээгүйг бүгд л ярьдаг. Наанадаж туузан дамнуургаар Ил уурхайгаас хүдэр зөөх төсөл хэрэгжээгүй. Энэ төслөөс цаана хэд хэдэн төсөл бий. Бадамсүрэн алтан гургалдай шиг баахан ярьсан ч нидэр дээрээ юу ч хийгээгүй. Зөвхөн амиа хоохойлж, улсын нэг хоёрдугаар дарга нараа уллаж, баширласаар явсан.

Башир Бадамсүрэнгийн ор дээр бантан яаж зуурагдсаныг Ёндон захирал ёроолдон мэдэж, ёоёо болохгүйгээ эртхэн мэдсэн нь дээр. Ёндон захирал хүүхдийнхээ төлбөрийг мөн л улсын хөрөнгөөс төлүүлснийг нийтээр мэдмэгц, мэгдэн сандарч эргүүлэн тушааж байсан. Яг үүн лүгээ нэгэн адил Бадамсүрэнгээс үүдэлтэй балаг байвал, мэдээж мөнгөний, түүнийг нь төлүүл тэр хүнээр. Бадамсүрэнгийн явсан замаар орвол баадан баадан юм олдоно. Эргэлзээгүй. Гарцаагүй.

Эрдэнэтийнхэн Лондон зэрэг үнэ шингэсэн газарт байр аваад байдаг бололтой юм билээ. АТГ тэгж зарлаад, саяхан нэг байрыг улсын орлого болголоо л гэж байна билээ. Гурав дөрвөн тэрбумын өртөгтэй юм гэв үү дээ. Ланжгар шүү.  

Ёндонгоос өмнө байсан Эрдэнэтийн дарга нар Лондон руу үнэ шингээж үү, яаж, бүгдийг нь мэдээд, шинжлүүлээд, ажилдаа зүтгэх нь Ёндонгийн ёроолдсон сорил болох юм. Ёндондоо ёндоотой юм.  Гэлэнгийн Ёндонд ёроолын сорил тавина уу, Төрийн өмчийн Б.Цэнгэл ээ!

          Б.Сарнай

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)