"Дэлхийн экспортыг дэмжих форум" 2023 онд Улаанбаатар хотод болно
Өнгөрөгч есдүгээр сарын 19-нд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Олон улсын худалдааны төвийн дэд захирал Дороти Тембо-г хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Уулзалтад тус төвийн Худалдааг дэмжих ахлах ажилтан, Монгол Улсыг хариуцсан менежер Силвье Бэтэмпс, Гүйцэтгэх албаны зөвлөх Александер Риверос, Арга хэмжээ, хэвлэл мэдээллийн албаны ахлах мэргэжилтэн Наталье Домейсэн, Харилцаа холбоо, арга хэмжээний мэргэжилтэн Сибил Ньюхаус болон Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын Зөвлөх Д.Эрдэнэ-Очир, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Ц.Гэрэлсайхан, Гишүүнчлэлийн газрын дарга Ц.Магнайбаатар, МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Мөнхзул нар байлцав.
Дэлхийн экспортыг дэмжих форумыг Улаанбаатар хотноо 2023 онд зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд эдийн засгийн хөгжил, экспортын чадавхыг дээшлүүлэх, эмэгтэй бизнес эрхлэгчид болон залуу бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн хамтарсан арга хэмжээ зохион байгуулахаар санал солилцов.
МҮХАҮТ-ын зүгээс форумын үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, хамтран ажиллахаа илэрхийлээд форумын хүрээнд хөрөнгө оруулалт, тээвэр логистик, уул уурхайн бус экспортыг хөгжүүлэх, олон улс бүс нутгийн худалдааг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ зэрэг чиглэлүүдээр хамтрах талаар сонирхлоо илэрхийллээ. Цаашид үйл ажиллагааны төлөвлөгөө гарган ажиллах бөгөөд форумыг зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар тохиролцсон юм.