Кремлийн бодлогыг дэмжигч мотоциклчдын клуб, алдартай жүжигчид Европын Холбооны ээлжит хоригоор шийтгүүлэв
Европын Холбоо өчигдөр Украины дайнтай холбогдуулан ОХУ-ын байгууллага, хувь хүмүүсийн эсрэг долоо дахь ээлжийн эдийн засгийн хоригоо зарлажээ.
Энэ удаагийн хоригт Оросын алтны худалдааг хориглож, хамгийн том банк Сбербанк, Кремлийн бодлогыг дэмжигч мотоциклчдын “Ночные Волки” (Шөнийн чонос) клуб, алдартай жүжигчин Сергей Безруков, Владимир Машков нарыг багтаасан байна.
Европын том гүрнүүд болох Их Британи, Франц, Герман, Итали улсууд өмнө нь Оросын алтны импортыг хориглоод байсан бол энэ удаа Европын Холбооны 27 гишүүн оронд хориглож байгаа юм.
Хоригт орсон есөн байгууллагын нэг нь Оросын хамгийн том хувийн банк Сбербанк болсон байна. Нийт 48 хувь хүн хоригоор шийтгүүлсний дотор Кремлийн суртал нэвтрүүлгийн кинонд дүр бүтээж, Украины дайныг дэмжсэн арга хэмжээнд оролцсон жүжигчид багтжээ.
Тухайлбал Владимир Машков энэ оны гуравдугаар сарын 18-ны өдөр Москвагийн Лужники цэнгэлдэх хүрээлэнд болсон Крымийн хойгийг Орост нэгтгэсний ойн арга хэмжээнд оролцсон нь шийтгүүлэх шалтгаан болсон байна.
Украины дайныг дэмжсэн хэд хэдэн арга хэмжээг Берлин, Польш, ОХУ-д зохион байгуулсан “Шөнийн чонос” клубийн тэргүүн Андрей Бобровксий бас хар жагсаалтад багтсан юм.
Ээлжит хориг арга хэмжээгээ зарлахдаа Европын Холбоо бас Украинд 500 сая еврогийн зэр зэвсгийн нэмэлт тусламж үзүүлэх шийдвэр гаргажээ.
Энэ удаагийн арга хэмжээ нь өмнөх хоригуудаас харьцангуй хөнгөн шийтгэлд тооцогдож буй тул Брюсселийн эрх баригчид “зургаа хагасын багц” гэж албан бусаар нэрлэж байгаа гэнэ.
asdasdfasdf
cdscsd