Г.Занданшатарын Засгийн газар шинэчлэлийнх байж чадах уу?
Гадаадын хөрөнгө оруулагчид, үндэсний компаниуд, татвар төлөгчиддөө шинэ итгэл найдвар бэлэглэнэ гэдгээ амлаад удаж буй Г.Занданшатарын Засгийн газрын заавал яаравчлан халах, харуулах шаардлагатай "Шинэ-Итгэл"-ийн бодлогын нэг бол яах аргагүй хүний нөөцийн шинэчлэлийн бодлого билээ. Үнэндээ гадаадын хөрөнгө оруулагчдыг “дайсан”, үндэсний бизнес эрхлэгчдээ “хулгайч”, татвар төлөгчдийг “дарлагдсан хүмүүс” , төрийн албаа хулгай хийх боломж мэтээр үздэг байсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажиллаж асан хорлон сүйтгэгчдээсээ үтэр түргэн салах нь төрд ч, түмэн олонд ч, гадна дотны хөрөнгө оруулагчдад ч, гагц таны улс төрийн цаашдын замналд ч хэрэгтэй юмаа. Аугаа Монголыг бүтээхийн төлөө ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан таны Засгийн газрын шинэчлэлийн бодлогын ус агаар нь ийнхүү урьдын бэрхийг ул болгож, ужиг муу үйлдэлтэй, улс орны хөгжилд саад болсон хорлон бусниулагчдаас л салбар бүрт салж байгаагаа зарлаж, уриалж, яаралтай хэрэгжүүлэх явдал билээ. Ургацаа алдахгүй авахын тулд хөрсний үр шимийг нь сорчихдог зэрлэг ургамалыг уг үндсээр нь сугалж нэгбүрчлэн түүж талбайгаа цэмцийлгэдэгтэй адил Г.Занданшатар таньд улс орныхоо хөгжлийг усалж арчилж тордож, ургуулж үржүүлдэг цэцэрлэгч байх боломж бас байна.
Ажил олгогчид, улс орны нийгэм, эдийн засгийн хөтлөх зүтгүүр болох үндэсний баялаг бүтээгчид, томоохон бизнес эрхлэгчид ёстой л "Урьдын бэрх дарлал" гэдэг шиг Бэрх тосгоны бизнес эрхэлж ажил олгогч хийж байгаагүй, таван хүн цалинжуулж, таварын өрөнд орж дансаа нээлгэхээр төрийн албан хаагчидын үүдийг сахиж үзээгүй цоргогүй данханд шалзлуулж явсан шарх нь аниагүй байгаа. Гэтэл Г.Занданшатар Ерөнхий сайд таньд хүний нөөцөө бүхэлд нь шинэчлэх зориг дутав уу, эсвэл өмнөх засагт ажиллаж байсан өнгөтэй өөдтэй бүхнийг бусниулагчиддаа хорлогдсоор зорьсон хүссэн шинчлэлийн бодлого тань талаар өнгөрөх болчихоод байна уу гэдгийг улс төр нийгмийн идэвхтэй хэсэг байдаг "Х" болон бусад сошиал флатформуудаар үнэнийг хэлээд алдагддаг үндэсний сэхээтнүүд ил тод цөөнгүй хүрээнд ам асуух боллоо. Чихэнд нь алт хийсэн ч, ус хийсэн ч сэгсэрчихдэг илжиг шиг биш, уншдаг, мэддэг Г.Занданшатар шүү дээ гэж итгэж найдаж, шахаж, шаардах олны танил, төр нийгмийн зүтгэлтэн эрхэмүүдийн жиргээ ч харагдана. Украйны В.Юшенкогийн хуучин Кучмагийн үеийн хууль завхруулагчидыг хэвээр үлдээснээр шинэчлэл саатаж, авлига гаарч, олон нийтийн итгэл унаж эцэст нь хуучин системийн төлөөлөгч Янукович дахин засагт гарсан жишээ, Италийн Марио Монтигийн хуучныг халж чадаагүй реформ “цаасан дээр үлддэг” гэх сургамж, Гүржийн М.Саакашвилигийн хуучныг бүрэн халж байж шинэчлэл хийгддэг гэх түүхэн сургамж тэмдэглэл гээд олон улсын олон сургамж жишээ байдгийг уншсан, учир мэдэх хүмүүсийн нэг гэж таньд найдья. Эцэст нь хэлэхэд Г.Занданшатарын засгийн газар урьдын бэрх дарлалыг халж, улс орны хөгжлийн чөдөр тушаа болсон хорлон бусниулагчдаас салж шинчлэлийнх байж чадах уу гэдгийг харах үлдлээ.










