Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.22

УEПГ:Хүүхдэд садар самууныг сурталчилсан хэргийг шүүхэд шилжүүлэв

УEПГ:Хүүхдэд садар самууныг сурталчилсан хэргийг шүүхэд шилжүүлэв

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 12 дугаар сарын 05-наас 09-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 27971, мөрдөн байцаалтын 2569 хэрэгт хяналт тавьж ажиллав.

Хяналтын ажлын явцад мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 328 даалгавар бичгээр өгч, гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 15 мэдэгдэл хүргүүллээ.

Түүнчлэн Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 130, Өмчлөх эрхийн эсрэг 81, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 28, Хүрээлэн байгаа орчны эсрэг 14, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 7, Авлига албан тушаалын 3, Амьд явах эрхийн эсрэг 9, Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах 1, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, Мөнгө угаах тус бүр 2, нийт 275 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэв.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргүүдийг дурдвал:

- Иргэн Б нь “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн логог ашиглан хуурамч фэйсбүүк хаяг нээж, өөрийгөө тус компанийн ажилтан гэж танилцуулан, “урамшуулалд хамруулна, урамшуулал олгож байна” зэргээр хуурч мэхлэн 24 иргэний гар утсаны программ дээрх дансны нэвтрэх нэр, нууц үгийг авч, нийт 103.662.823 төгрөгийн үнийн дүн бүхий Ардкойн, Ихкойн нэртэй виртуал хөрөнгийг шилжүүлэн авч залилсан, виртуал хөрөнгийн эх үүсвэрийг өөрчилж мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1, 18.6 дугаар зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

- Иргэн Н нь өөрийн фэйсбүүк хаягаар 10-аас 15 насны охидтой танилцан, чатаар харилцаж, садар самууныг сурталчилсан өөрийн дүрс бичлэгийг илгээх, өөртэй нь бэлгийн харьцаанд орохыг санал болгох зэргээр харилцаж, бага насны болон насанд хүрээгүй охидыг садар самуунд уруу татсан, сурталчилсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 16.8 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

- Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, торгох ял шийтгүүлсэн иргэн Л-ийн нийгмийн даатгалын мэдээлэлд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах үүргээ зориуд хэрэгжүүлээгүйгээс Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнаар ажиллах боломжийг олгож давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан Г, ерөнхий нягтлан бодогч Б.А, Нийтлэг аж, ахуйн албаны дарга Т.А нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.8 дугаар зүйлийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)