Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.05.08

Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн цавын гавыг АН, Ж.Баярмаа нар эхлүүлчихлээ

Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн цавын гавыг АН, Ж.Баярмаа нар эхлүүлчихлээ

Хамтарсан Засгийн газрын гагнааст бодьтой цав гарлаа. Энэ нь Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнээс ч боллоо, Их хурлын гишүүн Жудагийн Баярмаагаас ч боллоо. Ардчилсан намын бүлгээс ч боллоо. 

Л.Оюун-Эрдэнийг Ж.Баярмаагаас уучлал гуйлгах асуудлыг АН-ын бүлэг ноцтой, онц шамдалтай тавьсан нь Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөрт таалагдаагүй. Л.Гантөмөр шиг хамтарсан Засгийн газрын эд эс болсон сайдуудад ч энэ асуудал таалагдаагүй. Л. Гантөмөр за яахав дээ гэсэн шиг байдлаар хандаж, ажлаа л хиймээр байна шүү дээ гэж хээвнэг хэлж зогссон өдөр Л. Оюун-Эрдэнэ Ж.Баярмааг өрөөндөө оруулсан бололтой юм. Ингээд ороход парламентэт ёс, дэгийг ихээхэн сануулж ярьсан Бүлгийн дарга О.Цогтгэрэл хамт орж. Ерөнхий сайд аядуухан байсан бололтой юм, эрхбиш эмэгтэй хүнийг С.Баярцогт гэж хэлсэндээ жаал сийрсэн үү, уучлал гуйсан шиг байгаа юм. 

Гэхдээ гадагш гараад уучлал гуйлаа гэж бүү мэдэгд, ойлголцсон гэдэг өнцөг үгийг бариарай гэж захьсан шиг байгаа юм. Юутай ч ингэж “ойлголцсоноор” АН-ын Бүлгийн ажил хаялт зогссон л доо. Хоржоонтой нь, Ж.Баярмаа гарч ирээд “Ерөнхий сайд албан ёсоор надаас уучлал гуйлаа” гээд гудиггүй хэлж орхив. О.Цогтгэрэл мөн өнгөөр эрдэв. Ерөнхий сайдын “ойлголцсон” гэж хэлээрэй, мэдэгдээрэй гэсэн нь ингээд, жүдо хэллэгээр бол таг эсрэгээрээ, иппондуулсан юм болчихлоо. 

Хүн юм чинь гомдож таарна. Хэдий эхлээд овоо босгосон ч, хүн шиг дуудаад , ойлголцсоон гээд хэлчих гэсээр атал муриад туучихаар чинь гомдож л таарах байх. За энэ нэг явдал, өөр олон зүйлээр АН-ынхан Ерөнхий сайдынхаа “сэтгэлд юм хийчихсээн”. Тэгээд ч тэр биз, бүтээмжийн менежер хэмээгдэн томилогдогсдын цувааг зогсоочихсон байгаа юм билээ. Хаачихсан гэсэн үг. Энэ яагаад ингэв гээд л бөөн зүхэл байж л байгаа, томилогдохыг хүсэгчдээс. 

Бас тэгтэл Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо гэдгээс намынхнаа Засгаас гартугай гээд л шаардаад эхэлсэн. Эрдэнийн Бат-Үүл тэндээс Л.Гантөмөр, Ц.Туваан хоёр бол гарамгай урвагчид, МАН, Л. Оюун-Эрдэнийн дуулгавартай зарц нар боллоо, Ардчиллыг булшилж байна гээд л сөөнгөтөн хашгираад л байна. 

Энэ бүхэн хамтарсан Засгаас АН гарах, Л. Оюун-Эрдэнэ нүүр буруулах хангалттай шалтгаануудыг тарьсаар байна. Цаашид ч зүйл бүрээр өрнөх бололтой. Нөгөөтэйгүүр Х.Баттулга Төгрөг нуур ордыг зарсанаас болж, Засгийн газрын нэгэн хатиг болсон. Энэ ч бас л нэг хамтарсан Засгийн цавын гавыг томруулж байгаа хэрэг нь тодорхой. Бүүр дээр суудаг нэг том хүн “шинэ” Ерөнхий сайдыг хэдийнэ тодруулчихсан, ажил хэрэг болгох нь цаг хугацааны л явдал гэж учир мэдэх хүмүүс ярилцсаар л байгаа юм. 

Б.ЖАНЛАВ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 1 0 Буруу 0 Гайхмаар 1 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (1)
  • Зочин • 16 цаг - 66.181.161.90 Хариулах
    Үхсэн цав гараал биз хэнд хамаатайн, тэр данх бүр чуулганй индэр дээрээс уучлал гуйх бсын