Талийгаач гал сөнөөгчийн эхнэр н.Ганцэцэг: Аврагчид гар нүцгэн шахуу гал руу ордог

2024 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр "Миний дэлгүүр"-т гарсан галыг унтраахаар ажиллаж байхдаа амиа алдсан Нийслэлийн гал унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийн дарга Д.Жанчив агсны эхнэр Ганцэцэг, хүү нар мэдээлэл хийж байна.
Талийгаачийн энхэр н.Ганцэцэг:
-Бид хоёр амьдраад 22 жил болсон. Энэ хугацаанд таван хүүхэдтэй болсон. Нөхрөө алдсанаас хойш олон дарга нарын хаалга сахиж арга мухардаад өнөөдөр мэдээлэл хийж байна. Миний нөхөр Онцгойгийн албанд 25 жил ажилласан. Энэ бол маш урт хугацаа. Өргөсөн тангарагтаа үнэнчээр үүргээ биелүүлсэн. Тэгвэл төр ямар үүрэгтэй вэ. Төр яагаад 25 жил ажилласан иргэнээ үнэлж чадахгүй байгаа юм бэ. Үүнд маш их харамсаж гайхаж байна. Миний хань 7000 гаруй хүний амь насыг аварсан. Ийм л мундаг баатарлаг хүн байсан. Би өөрөө эрүүл мэндийн асуудалтай. Сүүлийн нэг жилд хоёр удаа хагалгаанд орлоо. Бүтэн нэг жил ОБЕГ, төр засгийг хангалттай удаан хүлээлээ. Тиймээс хоёр зүйлийг асуумаар байна. Хувцас хангамжийн асуудлыг дурдмаар байна. Аврагч хүнийг хувцас хэрэглэл хамгаална. Одоо бол хувцас нь сайжирсан ч гэсэн өмнө нь яагаад сайжруулж болоогүй юм бэ. Энэ хүмүүсийн эрхийг хамгаалдаг байгууллага гэж алга. Яагаад алба хаагчдын амь нас эндэхээс өмнө яагаад арга хэмжээ авч болдоггүй юм бэ. Миний ханьд холбоо станц байсан бол эсэн, мэнд байх ч байсан юм бил үү. Ер нь 25 жил ажилласан хүн амь эрсэднэ гэдэг чинь хувцас хэрэглэл ямар түвшинд байгааг харуулж байна. Гар нүцгэн шахуу гал руу ордог.