Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Салбартаа ил тод, шударга байдлыг авч ирнэ гэсэн С.Бямбацогт сайдын “бараа ч алга”

Салбартаа ил тод, шударга байдлыг авч ирнэ гэсэн С.Бямбацогт сайдын “бараа ч алга”

Нүүрсний хулгайтай холбоотой асуудал газар авч, “аваргуудыг” ёстой л нэг бажгадуулж байна. Үхсэн амьд нь мэдэгдэхгүй шахуу байсан Ерөнхийлөгч маань хүртэл дарга, сайдуудыг өрөөндөө цуглуулж, “дасал” омгоо дахин нэг “дэлгээд” орхилоо.

Засгийн газар ч “сэхэл авсан” мэт аашилж, иргэдээ энэрдэг төрийн шинжийг харуулахтай аядаад хэд хоногийн нүүрийг үзэв.

Өнгөрөгч баасан гарагт буюу 12 дугаар сарын 9-нд Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, нэгэн “тов хийсэн” шийдвэрийг гаргасан. Тэр нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас хэрэгжүүлсэн, нууцын зэрэглэлтэй есөн оффтэйк гэрээг олон нийтэд ил болгосон явдал байлаа.

Эдгээр гэрээнүүдийн дотор Тавантолгой Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөлтэй холбоотойгоор ЗТХЯ-нд байсан Монголын төмөр зам ТӨХК, Зэвсэгт хүчний Жанжин штаб болон УБТЗ-ын хамтарсан Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж байгуулахтай холбоотой хоёр ч гэрээ багтаж байгаа юм.

Уг нь Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт анх ажлаа авахдаа л эл салбарт ил тод, шударга тогтолцоог нэвтрүүлж, дээр дурдагдсан оффтэйк гэрээнүүдийг олон нийтэд ил болгоно хэмээн “ам гарсан”. Гэтэл дөрвөн сар өнгөрчихөөд байхад тоймтой үр дүн гарсангүй.

Цаг үеийн нөхцөл байдал ээдрээтэй байгаа яг энэ үед л уг нь мань сайд Засгийн газрынхаа үйл ажиллагааг дэмжиж, бас амласан амлалтаа санаж, нууц гэрээнүүдийг ил болгох ажилд ханцуй шамлан оролцмоор. Гэтэл бараа сураг алга.

Хүний гараар могой бариулна гэгчээр өөрийн үүргийг өрөөлд үүрүүлчихээд “манхайж” сууна.

Ийм байж болохгүй. Ард түмэн таныг харуулдсаар байгаа. Ардын баатар болох цаг чинь одоо л ирсэн шүү эрхэм сайд аа... 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)