Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Х.Нямбаатар: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д олон улсын аудит оруулна

Х.Нямбаатар: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д олон улсын аудит оруулна

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар олон нийтэд мэдээлэл хийж, өнгөрсөн хугацаанд нүүрс тээвэрт 25 мянга гаруй тээврийн хэрэгсэл оролцсоныг мэдэгдлээ. 

Мөн өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” компаниас С зөвшөөрөлтэй богинын тээвэрт 150 ААН-ийн 5647 тээврийн хэрэгсэл, уртын тээвэрт 421 ААН-ийн 10432 тээврийн хэрэгсэл, Гашуунсухайт дахь чингэлэг тээврийн терминалд 17 ААН-ийн 1281 тээврийн хэрэгсэл ажиллаж байгааг онцолсон юм.

Эрдэнэс Тавантолгой ХК-д олон улсын аудит оруулна

Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн үйл ажиллагаанд олон улсын аудит оруулна. Олон улсын аудитыг сонгохдоо дэлхийн топ аудитын компаниудын аль нэгээс сонгон шалгаруулна. Мөн Эрдэнэс Тавантолгой ХК-ийг цаашид олон нийтийн компани болгох, ОУ-ын IPO гаргах чиглэлээр ажлын хэсэг байгуулж, Д.Амарбаясгалан сайд ахална. Гаргасан алдаандаа дүгнэлт хийж, дахин ийм хулгай гаргахгүйн тулд олон нийтийн компани болгоно. 

Ойролцоогоор нэг сая орчим тонн нүүрс бүртгэлгүй гарсан байж болзошгүй гэсэн гурван дүгнэлт гарсан. Үүнийг мөрдөж, холбогдох хүмүүсийг шалгах ажил үргэлжилнэ. Тухайлбал,

-2017 оны тавдугаар сарын 20-оос зургадугаар сарын 20-ны хооронд 207 мянган тонн нүүрс гаалийн бүртгэлгүй гарсан байж болзошгүй баримт тогтоогдсон. Зарим тээврийн хэрэгсэл маш олон удаа хоосон гарсан тохиолдол байна. Энэ болгоныг нэг бүрчлэн тогтооно.

-Өмнө нь 2013 онд яг энэ төрлийн хэрэг шалгагдаж байгаад хаагдсан. Үүнийг нэгтгэж сэргээж шалгана. Нэгтгэн шалгах гэж буй энэ хэрэгт зөвхөн Жижиг Тавантолгой компанид хамаарах асуудал. Том Тавантолгой дээр УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг очиж ажиллана.

Хөөн хэлэлцэх хугацааг ярьж байх шиг байна лээ. Хуулийн байгууллагуудын удирдлагатай уулзахад үргэлжилсэн гэмт хэргийн хамгийн сүүлд үйлдэгдсэн гэмт хэргээс эхэлж гэмт хэргийг үргэлжлүүлэн үйлдсэн гэж тооцоод хөөн хэлэлцэх хугацаа яригдахгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллана үргэлжилнэ гэсэн. Мөрдөгчийн тоог нэмэгдүүлэх шаардлага бий. Зарим тээврийн хэрэгслийг таван жолооч ээлжилж барьсан байх жишээтэй. Жолооч тус бүрийн гарсан өдөр бүрийг мөрдөн шалгаж байна.

Хил гаальтай холбоотой асуудал бий. ХХЕГ-ын, ГЕГ-ын тодорхой албан тушаалтнуудыг шалгана. Бүртгэлгүй нүүрс тээврийг явуулахад үгсэн хуйвалдаж оролцсон байж болзошгүй. Маргааш хэрэгт холбогдон шалгагдаж буй хүмүүсийн хэргийн талаар товч мэдээлэл хийж, холбогдогч этгээдүүдийн талаарх мэдээллийг хийнэ” гэлээ.

Нүүрсний хэрэгт Ерөнхийлөгч Х.Баттулгыг хамгийн түрүүнд шалгах ёстой

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Их сонирхолтой баримтууд бий. 2008 онд хувийн сектор Гашуунсухайтын төмөр замыг барих гэж байхад нь зогсоосон хүн нь нөхөр Х.Баттулга. Бондын мөнгөөр 280 сая доллараар төмөр зам бариулах ажлыг гардан зохион байгуулсан хүн нь нөхөр Х.Баттулга. Тэр мөнгөөрөө уг төмөр замыг дуусгалгүй, далангийн ажил хийгээд зогсоож, энэ зам дээр Бодь Интернэйшл группийг оруулж ирж ажил гүйцэтгүүлсэн хүн нь Х.Баттулга. Энэ хүнийг хамгийн түрүүнд шалгах ёстой. Би мөрдлөг хийдэг хүн биш. Би дэмжлэг үзүүлж, агентлаг яамуудын уялдааг хангадаг. Нүүрсний хэрэгт шалгагдах ёстой хүн Х.Баттулга” хэмээн мэдэгдлээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)