Хэнтий аймаг: 2023 онд аймгийн төсөвт 41.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ
Хэнтий аймгийн ИТХ-ын 15 дугаар хуралдаан 12 дугаар сарын 6-нд болж, 2023 онд аймгийн төсвийн нийт орлого 41.182.8 сая, нийт зарлага мөн адил байхаар хэлэлцэн баталлаа.
Энэ талаар АЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга С.Нямдаваа “Засгийн газраас төрийн албан хаагчдын суурь цалинг 20 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Үүний дагуу албан хаагчдынхаа цалинг 20 хувиар нэмэгдүүлэхээр төсөвт тусгалаа. Орон нутгаас олгох нэмэгдлийг энэ удаад Төрийн сангийн жилийн эцсийн үлдэгдэл, санхүүгийн дэмжлэгээ бүрэн авч байж жилийн эцсийн үр дүн гарсны дараагаар ИТХ-аар оруулахаар боллоо.
Аймгийн нийт төсвийг ИТХ-аар 41 тэрбум төгрөг байхаар баталлаа. Аймгийн төсвийг батлахдаа сумдын төсвийг оруулж баталдаггүй. Суманд олгож байгаа санхүүгийн дэмжлэгийг оруулж баталдаг учраас аймгийн төсөв 41 тэрбум төгрөг гэж харагдаж байгаа.
Ирэх жил аймгийн түүхт 100 жилийн ойн баяр болж байгаатай холбогдуулан орон нутагт хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа, их засвар, бүтээн байгуулалтын ажил цөөнгүй бий. Энэ хүрээнд Орон нутгийн хөгжлийн сангаас аймагт 4.9 тэрбум төгрөгийн 40 гаруй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталлаа. Харин аймгийн төсвөөс их засварт 2.9 тэрбум төгрөгийг зарцуулахаар батлав. Их засвар, бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэхэд нийт дүнгээр аймгийн төсөв болон бусад хөрөнгө оруулалтын 14.5 тэрбум төгрөг зарцуулагдахаар байна. Мөн Хэнтий аймгаас гадна 10 сум түүхт 100 жилийн ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлнэ. Иймд сум тус бүрийн баяр наадмын зардалд 20 сая төгрөгийг батлуулан өгч байгаа. Урсгал зардлыг батлагдаж ирсэн сууриараа сумдад хуваарилах үүрэгтэй. Мөн сумдууд төсвөө батлахдаа аймгийн төсөв батлагдсанаас хойш 14 хоногийн хугацаанд хэлэлцэн батална. Улмаар арванхоёрдугаар сарын 15-нд 2023 оны төсвийн орлого, зарлагын сар, улирлын хуваарийг баталж Сангийн яаманд хүргүүлснээр 2023 оны үйл ажиллагааны хэрэгжилт хангагдаад явна” хэмээн ярилаа.