Салбараа биш хувиа бодогч сайдаас хариуцлага нэхье!

Шинэ Засгийн газар ГЭР БҮЛИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН яамыг шинээр бий болгож, Боловсролын сайд асан Л.Энх-Амгалангаар толгойлуулсан. Тусгайлсан ийм яамтай болсны учир нь сүүлийн жилүүдэд манай улсад гэр бүлийн асуудлууд хурцдаж, даамжирсантай холбоотой юм. Монгол улсын хэмжээнд 970 орчим мянган гэр бүл байна.
Гэтэл энэ яамны сайд төсвийн мөнгөөс өөртөө АЙ ПАД авахуулж, орон сууцжуулна гэж попорч, хавар хүүхдүүдээр хурдан морь унуулна гэж хэнээрхэж, гадаадаас 280 мянган ажилтан оруулж ирнэ гэж хуулийн төсөл өргөн барихаас өөрөөр олигтой шийдвэр гаргалгүй өдийг хүрлээ. Гаргасан шийдвэр бүр нь эцэстээ ФЭЙЛДЭВ.
Салбарынх нь асуудал харин хурцадмал байдал руу хэлбийсээр. Гэвч энэ нь Л.Энх-Амгалан мэтэд огтоос хамаагүй бололтой. 2025 оны 01 дүгээр сарын 24-нд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд НЭГ ГЭР БҮЛИЙН ЗУРГААН ИРГЭН УГААРТАЖ НАС БАРАВ. Мөн 02 дугаар сарын эхээр Баянзүрх дүүргийн 11-р хороонд нэг айлын гэр шатаж НЭГ ГЭР БҮЛИЙН ДӨРВӨН ИРГЭН ШАТАЖ НАС БАРАВ.
Хэдхэн хоногийн дотор хоёр гэр бүлийн 10 хүн амиа алдчихаад байхад ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМНЫ удирдлагууд ганц үг ган хийж, эмгэнэл илэрхийлэхгүй, таг чиг байснаа гэв гэнэт орох оронгүй, оочих аягагүй болчихлоо гээд татвар төлөгчдийн мөнгөөр БАЙРАА ЗАСВАРЛАХ ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ.
ТОДРУУЛБАЛ, 2025 оны 02 дугаар сарын 07-нд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Е байрны их засварын ажил гэсэн утгатай, улсын төсвийн 350 саяын зарлагатай ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ.
Үнэхээр гутамшигтай. Амиа алдсан гэр бүл, хүүхдүүдийн төлөө дуугарч, салбарын асуудлаа эмхэлж, цэгцэлж, дахин хүний амь эрсдэхгүй байх нөхцлийг бодлогоор бий болгох ёстой хүмүүс түмний эрх ашгийн төлөө бус амин хувийнхаа ая тухын төлөө санаа чилээж байгаа нь үнэхээр өрөвдөлтэй. Төрийн ажил ингэж явдаггүй л баймаар.
Л.Энх-Амгалан сайд та хариуцсан ажлаа хариуцлагатайгаар хийж чадахгүй юм бол чаддаг нэгэнд нь суудлаа тавиад өгчихсөн нь зүгээр биш үү. Ядаж л төсвийн мөнгийг түмний төлөө зарцуулах сэтгэлтэй баймаар байна. Та, танай яамныхан тансагласаар. Тэнд харин хүмүүс амиа алдсаар...