УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн “Газрын наймаачин”-аас “Лицензийн наймаачин” болсон “түүх”
Улс төрчид, албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж, үндэслэлгүй хөрөнгөжих явдал манай улсад байж болох энгийн үйлдэл мэт болсон гэхэд хэлсдэхгүй.
Жирийн иргэд амьдралынхаа төлөө махийтлаа ажиллаж, олсон орлогоосоо улсдаа татвараа төлж, хүрч ядан амьдарч буй атал эрх мэдэлтнүүд мэдээлэлд ойр байгаа байдал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, баян чинээлэг амьдрах болсон нь нууц биш.
Манай сайт өмнө нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ 2011 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа мэдээлэлд ойр байдлаа хувьдаа урвуулан төрсөн ахынхаа нэр дээр “Эм Эм Зэт Жэй” ХХК-ийг байгуулж, гүйцэтгэх захирлаар нь төрсөн дүүгийнхээ эхнэрийг /бэр дүүгээ/ ажиллуулж, компани дээрээ Дархан цаазат Богд уулын Арцадын аманд 10 га газрыг Аялал жуулчлалын зориулалтаар авч “хав дарж” байгаад 2024 онд бусдад “худалдсан” тухай мэдээллийг судалж хүргэсэн.
Өдгөө тэр газарт нь орон сууцны хотхон, хороолол баригдаж байх жишээний. Товчхондоо УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ чимээгүйхэн “ажиллаж” ирсэн “газрын наймаачин” нэгэн байсан аж. Түүний газрын наймаатай холбоотой мэдээ нийтлэлийг ЭНД дарж үзнэ үү.
Түүний тухай мэдээллийг судалж, цуглуулах явцад мань гишүүн дан ганц “газрын наймаа” хийгээд зогсоогүй төдийгүй уул уурхайн лицензийг компани дээрээ авч, бусдад зарсан тухай мэдээлэл сөхөгдөн гарч ирж байна.
Өөрөөр хэлбэл УИХ-ын Ж.Бат-Эрдэнэ “ГАЗРЫН НАЙМААЧИН” төдийгүй бас “ЛИЦЕНЗИЙН НАЙМААЧИН” нэгэн байж болзошгүй тухай мэдээллийг энэ удаад бид судлаж хүргэж байна.
Ингэх хэлэхийн учир нь Ж.Бат-Эрдэнэ мөн 2008 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа өөрийн байгуулсан, хамаарал бүхий этгээдүүд дээрээ бүртгүүлсэн “Эм Эм Зэт Жэй” ХХК дээрээ 2008 оны 08 сарын 25-ны өдөр авсан Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших “Улаан хэц” нэртэй 406.46 га талбай бүхий XV-014055 тоот дугаартай нүүрсний уурхайн хайгуулын тусгай зөвшөөрлөө хоёр жилийн дараа буюу 2010 оны 12 сарын 23-ны өдөр “Улаан хэцийн шанд” хэмээх Хятад улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанид шилжүүлсэн байдагийг та бүхэн доорх баримтаас харж болно.
“Улаан хэцийн шанд” хэмээх Хятад компани 2010 оны 11 сарын 29-ны өдөр байгуулагдаад сар ч хүрэхгүй хугацааны дараа УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн хамаарал бүхий этгээдийн “Эм Эм Зэт Жэй” ХХК-аас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дах 406.46 га газар бүхий нүүрсний уурхайг “худалдан” авсан байна.
Байгуулагдаад сар ч хүрэхгүй хугацаа болж буй атал Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Улаан хэцийн шанд” компани нүүрсний уурхайг нэр дээрээ шилжүүлэн авсан энэ үйлдлийн цаана ЗТАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнийн нөлөө оролцоо байсан гэж хардаж болно.
Хамгийн сонирхолтой нь тус нүүрсний лиценз бүхий талбайд анхын геологийн судалгаа, зураглалыг 1954 онд ЗХУ-ын /тухайн үеийн нэршлээр/ эрдэмтэд болох А.Н.Ефимов, А.Кузнецов нар хийсэн бөгөөд хожим мөн л Зөвлөлтийн /Оросын/ геологчид хайгуулын судалгаа явуулж, нүүрсний нөөцийг нь 872.0 мянган тонн гэж тогтоожээ.
2013-2019 онд “Улаан хэцийн шанд” компанийн хийсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланд тус компанийн талбайн нүүрсний нөөцийг бодит байдлаар 657282.8 тн, боломжит зэрэглэлээр 822184.8 тн гэж дүгнэсэн байна.
Эндээс харахад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ 2008 онд ЗТАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа социализмын он жилүүдэд Оросын хайгуулчдын хийсэн тайлан судалгаа бүхий нүүрсний ордыг, мэдээлэлд ойр байдал, албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий компани дээрээ лиценз болгон авч байгаад бусдад /хятадад/ их хэмжээний мөнгөөр “худалдаж”, улмаар эндээс олсон мөнгөөрөө улс төрд “хөл тавьж”, УИХ-д нэр дэвшиж эхэлсэн юм биш биз гэж хардахад хүргэж байна.
Бид УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн талаар мэдээлэл цуглуулж судлах явцад үүнээс илүү “будлиантай” асуудлууд сөхөгдөх “бололтой” юм билээ.
Бид судласан, цуглуулсан мэдээллээ нягталж, илүү тодорхой баримт мэдээллийг та бүхэндээ үргэлжлүүлэн дааргийн нийтлэлээрээ хүргэх болно.
Ямартай ч эрх мэдэл албан тушаалаа уруулан ашиглаж хөрөнгөжин бэлжсэн байж болзошгүй УИХ-ын гишүүн, УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ мэтийн улс төрчдийг албан тушаалаас нь түр түтгэлзүүлэн АТГ, ЭЦГ-аас нэн яаралтай шалгах нь зүйтэй.
Ц.Мөнх
Sanuulga.mn