Түмэн олны татварын мөнгөөр бялуу, лаа авна!
Төрийн мөнгө уйлдаггүй ээ гэж. Манай улс төрчид бүр ард түмнээсээ ичихээ болиод ил цагаан л улсын мөнгийг "хумсалдаг" болж. Нэг бодлын биднийг доромжилж байгаагийн нөгөөтээгүүр биднийг тийн өчүүхэн чинээнд үнэлж байгаагийнх нь л илрэл юм уу даа.
Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт төрсөн өдрөө төсвийн мөнгөөр тэмдэглэж, 7 сая төгрөгөөр найрлах гэнэ. 50 насныхаа ойг төрийн мөнгөөр нижгэр тэмдэглэх нь ээ. Сайд хүн ч аргагүй л өөр юм.
Монголчууд бид хэн нэгэн дарга сайдын төрсөн өдрийг тэмдэглэж өгөхийн тулд л татвар хураамж төлдөг болж таарах уу. Бид махийтал зүтгэж, хөлсөө урсган хөдөлмөрлөөд хэдэн төгрөг олж, түүнийхээ үнэмлэхүй хувийг татварт хураалгасаар. Харин тэр мөнгөнөөс хумсалж дээр суугаа хэд маань төрсөн өдөр тэмдэглэж, хурал хуй зохиож, Тэрэлжид хэлэлцүүлэг зохиох нэрээр "наргисаар".
Ийм байж болохгүй. Энэ мэт ил цагаандаа гарсан явдлуудыг олон нийт хүлцээд байж болохгүй. Хатуу хариуцлага нэхэж, хатуу хариуцлага тооцуулах ёстой. Ядаж л ичих булчирхай энэ мэт дарга сайдуудад баймаар юм. С.Бямбацогт сайд аа, танд гэхэд л ядаж ичих булчирхай байна уу. Түмэн олон хариулт нэхэж байна.