Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.01.24

Авлигатай тэмцэх ажилд ахиц гарлаа

Авлигатай тэмцэх ажилд ахиц гарлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны 12 сарын 15-ны өдөр УИХ-ын чуулганд оролцож хэлсэн үгэндээ “Авлигатай хийх тэмцлээсээ алхам ч ухрахгүй” гэдгээ зарлаж “Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид өөрөө өөрсөдтэйгээ, мөн намынхаа журмын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг” гэж хэлж байсныг иргэд та бүхэн санаж байгаа биз ээ.

Түүний ингэж хэлсэн нь ч ортой. Учир нь 1992 оны Ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойш 2024 он хүртэл нийт 32 жилээс МАН дангаараа 24 жил, АН-тай хамтарч 4 жил, АН дангаараа 4 жил Засгийн эрх барьсан байдаг.

Тэгвэл 126 гишүүнтэйгээр шинээр байгуулагдсан энэ парламентын үед, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газрын үед олон жил яригдсан ч шийдлээ олж чадалгүй явж ирсэн Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй хийх тэмцэл бодитой болж эхэллээ.

Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх нь зөвхөн нэг намын асуудал биш. Энэ бол төрийн бүх шатанд хэрэгжүүлэх шаардлагатай нэгдмэл зорилго юм. Тиймээс олон жил яригдсан авлигатай хийх тэмцлийг шинэ шатанд гаргах боломж, эр зориг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанаас харагдлаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өчигдөр Хэвлэл мэдээллийнхэнд хандан мэдэгдэл хийх үеэрээ Засгийн газраас санаачлан “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай анхдагч хууль, бусад 17 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах авлигын багц хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэснийг зарлалаа.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт Монгол Улсын иргэн шударгаар өмчтэй байх тухай заасан байдаг. Харамсалтай нь шударгаар гэдэг үгийн утга гажуудаж, албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүд хууль бусаар хөлждөг ч хуулийн хариуцлага тооцдоггүй. Тиймээс дээрх хуулийн төслийг Засгийн газар УИХ-д оруулахаар боллоо” гэсэн юм.

Товчхондоо олсон орлого, бэлжсэн хөрөнгөө шударгаар олсон гэдгээ нотолж чадахгүй, төрийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, авлига авах хэлбэрээр хөрөнгөжсөн бол түүний болон хамаарал бүхий этгээдүүдийн өмч хөрөнгийг төр хураан авах, төрийг хохироосон бол нөхөн төлүүлдэг байдлыг хуульчлан хэрэгжүүлэхээр болж байгаа юм байна.

Үүнийг л БРАВО гэж хэлээд байгаа юм.

Мэдээжийн хэрэг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, авлигаар хөрөнгөжсөн улс төрчид, төрийн өндөр албантушаалтнуудад энэ хуулийн төсөл ТААЛАГДАХГҮЙ нь тодорхой.

Тиймээс тэд Засгийн газар, Хууль зүйн сайдыг буруутгаж, ардчилсан нийгэмд “хүний хөрөнгийг хураах гэлээ, социалист нийгэм журмыг хэрэгжүүлэх гэлээ, хувийн өмчид халдлаа, хэлмэгдүүлэлтийг эхлүүллээ” гэх зэргээр зориуд, зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулах нь тодорхой.

Одоо энэ хуулийн төслийг УИХ-ын гишүүд хэрхэн хүлээж авах эсэх асуудал анхаарал татаж байна. Гишүүдийн ихэнх нь авлигатай тэмцэх эрмэлзлэл дүүрэн бол энэ хуулийн төсөлд илүү идэвхтэй дэмжлэг үзүүлэх магадлалтай. Тэд улс төрийн нэр хүндээ өсгөх, пиар хийх, ард түмний дунд байр сууриа бэхжүүлэх байдлаар асуудалд идэвхтэй оролцоно. Түүнчлэн нөгөө талаас харвал энэ хууль батлагдсанаар өөрсдөд нь эсвэл тэдний холбоотой этгээдүүдэд хариуцлага тооцогдох эрсдэл гарах тул зарим гишүүд хуулийн төслийг буруутгаж, аль болох батлуулахгүй байх, батлуулсан тохиолдолд өөрсдөдөө давуу байдал бий болгох зүйл заалт оруулахыг эрмэлзэх, чуулганы гаднаас буюу олон нийтийн дунд эсэргүүцэл өрнүүлэх магадлалтай.

Гэсэн хэдий ч авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлэл УИХ-ын гишүүдэд байгаа бол энэ хуулийг заавал хэлэлцэн батлах учиртай. Гишүүд энэ хуулийн заалтууд дээр нарийвчлан ажиллаж, иргэний эрхийг хамгаалах, хууль эрх зүйн зохицуулалтыг улам боловсронгуй болох асуудалд анхаарч, санал бодлоо тусгаж, олуулаа хэлэлцэж эцэслэн батлах нь чухал.

Үндэслэлгүй хөрөнгөжсөн нийтийн албан тушаалтнуудын хөрөнгийг хураах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж, хэрэгжүүлж чадах юм бол Монголын ард түмэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд талархах учиртай.

Авлигагүй, шударга засаглалыг бий болгоход хийсэн түүний энэ алхам түүхэнд үлдэх болно.

 

Ц.Мөнх

Эх сурвалж: Аmlalt.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)