Баасан гарагт олон нийтийг хамарсан урлаг соёл, спортын арга хэмжээ зохион байгуулахыг хориглоно
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуудлын үеийн дэгийн тухай тогтоолын төслийг хэлэлцжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан орон даяар гашуудал зарлах зарлиг гаргасан юм.
Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу энэ баасан гарагт 07.00 цагаас 00.00 цаг хүртэлх хугацаанд орон даяар Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөх буюу Төрийн далбааны ишний гуравны хоёрт хүртэл буулгах юм. Үүнтэй холбогдуулан Засгийн газар Гашуудлын үеийн дэгийн тухай тогтоолын төслийг хэлэлцжээ.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан орон даяар гашуудал зарлах зарлиг гаргасан.
Гашуудал зарласантай холбогдуулан ямар дэг баримтлах вэ гэдгийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат агсныг төрийн ёслолын дагуу гүн хүндэтгэлтэйгээр сүүлчийн замд нь үдэхээр Ерөнхий сайдын захирамжаар оршуулгын комисс томилж, миний бие ахалж байна. Төрийн тэргүүнээ гүн хүндэтгэлтэйгээр сүүлчийн замд нь үдэх арга хэмжээг зохион байгуулна. Мөн тухайн өдөр олон нийтийг хамарсан урлаг соёл, спортын арга хэмжээ зохион байгуулахыг хориглож байна" гэв.