О.Алтангэрэл: Хэрвээ Р.Чингис генерал гэм буруугүй бол, ажлаас нь чөлөөлсөнд би хариуцлага хүлээнэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингисийг нэгдүгээр сарын 11-ний талбайн жагсаалыг санхүүжүүлсэн гэх үндэлэлээр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Түүний оронд одоогоор хуранда М.Лувсандоржийг томилсон билээ.
Уг асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Р.Чингис генералын гэм буруутайг гагцхүү шүүх тогтооно. Энэ үнэн. Шийдвэр гаргах процесстой холбоотой хэд хэдэн зүйлүүд бий. Жишээлбэл, гэмт хэрэгт хүнийг яллахад заавал шүүхийн шийдвэрийг хүлээдэг. Тодорхой үйлдэл явж байхад, тухайлбал цагдаа модоороо дохиод хүнийг зогсоогоод шалгадаг. Үүнтэй адилхан энэ бол захиргааны эрх зүйн нэг процесс. Үнэхээр ийм ноцтой буруутгалд Монгол Улсын Ерөнхий сайд мэдэгдэл хийсэн учраас чөлөөлт шалгахаас аргагүй. Гэхдээ тэр хүний гэм буруутай эсэхийг шүүхээс тогтооно. Хэрвээ энэ хүн гэм буруугүй нь шүүхээр тогтоогдвол ажлаас чөлөөлсөн асуудалд нь хариуцлага хүлээх хүн нь би буюу О.Алтангэрэл миний бие” гэсэн юм.
Дотоодын цэргийн штабын дарга асан Р.Чингисийг одоогийн байдлаар шалгаж байгаа бөгөөд түүний гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурал товлогдоогүй байна.