Хотын даргыг огцруулах 11 шалтгаан
Албан тушаалаа урвуулан ашиглаж, төр түмний хөрөнгийг “хулгайлсан” нүүрсний хулгайчдын нэрсийг нэрлэхийг шаардсан иргэдийн жагсаал 8 дах өдрөө Сүхбаатарын талбай дээр үргэлжилж байна.
Анх “Нүүрсний хулгайчдын нэрсийг зарла”, “Хөрөнгийг нь хураа”, “Хариуцлага тооц” гэсэн уриатай эхэлсэн энэ жагсаал улс төрчдийн хойрго удаан, бие биендээ ацагласан, нэг нэгэндээ барьцаалагдсан үйлдлээс болоод тодорхой шийдвэр гаргахгүй байгаагаас болж талбай дээрх жагсагчид сүүл рүүгээ “УИХ тар, Засгийн газар огцор” гэх шаардлагыг тавих болжээ.
Иргэд олон нийтд бухимдаж байгаа шалтгаан бол улс төрчид, албан тушаалтнаас иргэдийн боломжоос хулгайлж, шударга ёс, тэгш байдал уланд гишгэгдсэнд байгаа.
Авто замын түгжрэлд хотоороо нэрвэгдсэн, гудамж замын хальтиргаа гулгааг цэвэрлэдэггүй, нийтийн тээврийн чанар хүртээмж хангалтгүй, агаарын бохирдол, хотын удаа хэрээс хэтэрсэн зэрэг иргэдийн ажил амьдралд шууд нөлөөлдөг олон асуудлыг хариуцдаг Хотын дарга таг чимээгүй, нуувчинд орсон мэт нуугдах нь ямар учиртай вэ.
Гэвч энэ бүхнийг хариуцан, иргэдийн өмнө итгэл хүлээн ажиллаж байгаа Хотын дарга Д.Сумъяабазар гэдэг хүн иргэдийн жагсаал цуглааны ард чимээгүйхэн “нуугдаж”, албан тушаалтайгаа үлдэхийг хичээж байна.
Тиймээс жагсагчид Нүүрсний хулгайчийг зарлахыг Засгийн газраас шаардахын зэрэгцээ, Хотын даргыг огцруулахыг НИТХ-аас шаардах нь ёстой.
Хотын дарга Д.Сумъяабазарыг огцруулах дараах 11 шалтгааныг дор дурьдая.
1. 2020 оны УИХ-ын сонгуулиар СХД-ийн иргэдийн саналыг авч УИХ-ын гишүүн болсон атлаа 10 сард нь Хотын дарга болж төсөв хөрөнгө захиран зарцуулдаг эрх мэдэлтэй болохын тулд УИХ-ын гишүүнээсээ татгалзаж, СХД-ийн иргэд сонгогчдыг сонголтыг үл хүндэтгэж доромжилсон
2. Ковидын хөл хорионы үед олон нийтийг удаа дараа чирэгдүүлсэн, хаалтаа нээсэн хаасан ойлгомжгүй бодлого явуулсан
3. Төрсөн дүү нь улсын циркийг менежментийн хувьчлал нэрээр худалдан авч, үйл ажилагааг нь зогсоон зориулалтыг нь өөрчлөн, татан буулгах хэмжээнд хүргэсэн, Монголын хүүхэд багачуудад циркийн урлагаар дамжуулан гоо зүйн соёл, боловсрол олгох боломжийг хан боогдуулсан
4. Ах дүүсийнхаа хамт хувьцаа эзэмшдэг Үндэсний хөрөнгө оруулалтын банкаараа дамжуулан татвар төлөгчийн мөнгийг /Нийгмийн халамжийн сан, Таван толгой ХХК, Эрүүл мэндийн даатгал гэх мэт/ үрж, өнөөдрийг хүртэл эргэн төлөөгүй байгаа
5. Өөрийг нь шүүмжилсэн Иргэн Б.Цэцэгт Туул, Сэлбэ голыг тохижуулах 60 сая ам.долларын төслийг сонгон шалгаруулалтгүйгээр өгч, туслийн зохицуулагчаар хууль зөрчин Б.Цэцэгийг томилсон
6. Сүхбаатарын талбайд болсон иргэдийн тайван жагсаал цуглааныг эхний өдөр нь цагдаагийг хүчээр албадаж, хүч хэрэглэн тараах Нийслэлийн Засаг даргын захирамж гаргаж, иргэдийн амь нас эрүүл мэнд хохирох эрсдэлийг бий болгосон
7. Удаа дараа төрийн өндөр албан тушаалтны ёс зүй зөрчсөн
8. Нийслэлийн иргэд, НИТХ-ын төлөөлөгчид эсэргүүцсээр атал муйхарлан зүтгэж 7.7 их наяд төгрөгийн өртөг буюу 2022 оны улсын төсвийн бараг 50 хувьтай тэнцэх хэмжээний зардлаар байгуулах ч замын түгжрэлийг 25 хувь бууруулна гэх ЛРТ төслийг явуулахаар улайран зүтгэж байгаа
9. 2022 оны 5 сард Засгийн газрын хуралдааны дараа хэлэхдээ 8 сард багтааж нийтийн тээвэрт 670 автобус шинээр оруулж ирэхээ амласан ч өнөөдрийг хүртэл 10 хувь ч орж ирээгүй, худал хэлсэн
10. Өөрийгөө магтуулах, муулуухгүй байхад зориулан 30 гаруй хүнтэй Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар хэмээх нийслэлийн агентлагийг байгуулан , түүндээ 2022 онд 1 тэрбум төгрөгийн төсөв зарцуулах эрх олгосон бол 2023 оны төсөвт 2,8 тэрбум төгрөг хувиарласан байсан нь олон нийтийн шүүмжлэлтэй тулгарч, бантахдаа тус агентлагийг татан буулгасан
11. Нүүрсний хулгайд гар бие оролцсон, Улаанбаатар хотыг ашигт малтгал хайх, олборлож ашиг болох субект болгох төсөл санаачилсан
Эдгээр шалтгаанаас харахад Хотын дарга Д.Сумъяабазар гэдэг хүн зөвхөн хувийн эрх ашгаа иргэдийн эрх ашгаас дээгүүрт тавьдаг төдийгүй зөвхөн өөрт ашиг хонжоо олохын төлөө эрх мэдлээ хэтрүүлэн ашигладаг байж болзошгүй.
Тиймээс бөхчин хотын даргыг нэн даруй огцруулж, нийслэлчүүд бид мэдлэг чадвартай, мэргэжлийн хүнээр хотын даргаа томилуулах шаардлагатай байна.
А.Тамир
Sanuulga.mn