Түмнээ боомилсоор л, дөнгөлсөөр л...
Бид уг нь ардчилсан оронд амьдарч байгаа ч бодит байдал дээр бүх зүйл ардчилалын эсрэг байна. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх, улстөрчдийг хатуухан шүүмжлэх эрх үгүй. Дуугарсан болгоныг нь хорьж, цагдаж, залхаан цээрлүүлдэг бурангуй дэглэм тогтчихлоо. Энэ бол ардчилал уланд дэвслэгдсэний жишээ.
МАН засаг барьсан жилүүдэд хүний эрх үнэмлэхүй зөрчигдөх болсныг судалгааны байгууллагууд хэлээд, нотлоод байгаа. Ард түмэн ч харж, мэдэрч байгаа. Саяхан л гэхэд машиндаа үзэл бодлоо илэрхийлж, цахимд улстөрчдийг шүүмжилсэн олны танил эрийг бариад хорьчихож байх жишээтэй. Энэ мэт өөр олон ч жишээ байна.
Иргэдийнхээ амыг хүчээр таглаад ирэхээр л энэ нийгэм буруу тийшээ хэлбийсний цондон болж байгаа юм. Ард түмэн шүүмжлэх, үгээ хэлэх эрхтэй. Улс орныг ийм дайны авч явж, төр нь өөрөө иргэдээ бухимдуучлхаад эргээд бухимдлаа илэрхийлсэн болгоныг барьж, хориод байж болохгүй. Шударга ёсонд ч нийцэхгүй.
Утаа, түгжрэл, авлига, хулгай гээд л улс оронд буруу бүхэн гаарлаа. Тэр бүхний ужиг шалтгаан нь улстөрчид өөрсдөө. Муу муухай бүхний цогцлоон болсон нөхөд өнөөдөр бидний толгой дээр сууж байна. Мөлжиж, дарлаж, даапаалж өөрсдөө л чухам хөлжиж байна. Бүр сүүлдээ иргэдээсээ авах зүйл үгүй болоод итгэлийн цучлыг нь бөхөөлгүй бадраагч ардчилалын дөлийг нь ч хүртэл залгихаар улайрч байх шиг. Түмнээ боомилсоор л, дөнгөлсөөр л...