БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёолыг өнөөдөр өглөө баривчиллаа
БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёолыг баривчлах үйл ажиллагаа хоёр дахь удаагаа өрнөж үүрийн 3 цаг 20 минутанд эхэлсэн баривчлах ажиллагаа 10 цагт дуусгавар болжээ.
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 3-нд Ерөнхийлөгч Юныг богино хугацаанд байлдааны байдал тогтоосонтой холбогдуулан бослого гаргасан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр баривчлах захирамжийг авлигатай тэмцэх газар гаргасан юм. Ингээд 12 дугаар сарын 14-ний өдөр БНСУ-ын сөрөг хүчнийхэн ерөнхийлөгч Юн Сок Ёолыг огцруулахаар Чуулганы нэгдсэн хуралдаанд санал хураалт явуулсан бөгөөд хуулийн төслийн санал хураалтад бүрэн эрхтэй 300 гишүүн 100 хувийн ирцтэй оролцож санал тооллогын дүнд 204 дэмжсэн 85 нь татгалзсан 3 нь түтгэлзсэн 8 нь хүчингүй гэсэн саналаар импичментийн хуулийн төслийг баталсан юм. Улмаар огцруулахаар болсон БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёлыг 1 дүгээр сарын 3-ны өглөө цагдаа нар, холбогдох хуулийн байгууллагаас баривчлах ажиллагааг эхлүүлсэн ч чадаагүй.
Юныг орлон ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр сонгогдсон Хан Дак Сүг мөн сөрөг хүчний шаардлагыг хүлээж авахаас татгалзсан тул парламент түүнийг огцруулах шийдвэр гаргажээ. Хан өнөөдөр өглөө Үндэсний Ассемблэйн дээр хэлэхдээ, цэргийн дэглэм тогтоохоос сэргийлж чадаагүйдээ "харамсаж" байгаагаа илэрхийлж Юны баривчилгааг хууль ёсны эсэхийг шүүх шүүнэ гэж мэдэгджээ.