Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.27

Н.Учрал: “Орано майнинг” компани ураны төсөлд эхний удаа 500 сая ам.долларын хөрөнгө оруулна. Монгол Улс нэг ч хөрөнгө гаргахгүй

Н.Учрал: “Орано майнинг” компани ураны төсөлд эхний удаа 500 сая ам.долларын хөрөнгө оруулна. Монгол Улс нэг ч хөрөнгө гаргахгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар “Орано майнинг” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг танилцуулга, мөн стратегийн төрийн эзэмшлийн ордыг, 34 хувийг АМНАТ-аар орлуулах их хурлын тогтоолын төсөл Үндэсний баялгийн сангийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Гэрээний үндсэн драфтыг Монголын тал хийж гүйцэтгэсэн. Бид өөрсдийнхөө үндсэн зарчимд тулгуурлаж энэ гэрээг хийсэн гэсэн үг. Татвар, санхүүтэй холбоотойгоор хөрөнгө оруулагч тал 27 төрлийн татварыг тогтворжуулъя гэдэг санал тавьсан. Бид үүнээс 4 төрлийн татварыг тогтворжуулахаар тохирч чадсан. “Орано майнинг” компани ураны төсөлд эхний удаа 500 сая ам.долларын хөрөнгө оруулна. Монгол Улс нэг ч хөрөнгө мөнгө гаргахгүй. Харин төслөөс 51 хувийн ашиг хүртэнэ.

Засгийн газар 15 татвар, хураамжийг өгөөж гэж үзэх шаардлагыг тавьсан.

Гурван жил тутамд байгаль орчны олон улсын аудит хийлгэж, уурхайн хаалт болон нөхөн сэргэлтийн төлөвлөгөөг үйл ажиллагаа эхлэхээс өмнө боловсруулж таван жил тутамд шинэчлэх үүргийг хөрөнгө оруулагч талд хүлээлгэж байгаа.

Хөрөнгө оруулагч тал Дорноговь аймаг, Улаанбадрах сумын Засаг дарга нартай гурван талт гэрээ байгуулна.

Бүтээн байгуулалтын үе шат буюу 2028 он хүртэл жил бүр 300 мянган доллар тухайн сум, орон нутагт зарцуулагдана. Мөн уурхайн ашиглалт 1 сая доллар, уурхай ашиглалт үе шат дууссанаас хойш 10 жил хугацаанд жил бүр 1.1 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг  тогтвортой хөгжлийг дэмжих  чиглэлд зарцуулна гэж тусгасан.

 Уурхай олборлолтын үед нийт ажилчдын 90-ээс дээш хувь нь Монгол Улсын иргэн байна. Монгол ажилчдын таваас дээш хувь нь тухайн сумын иргэн байна. Туслан гүйцэтгэгчийн 60 хувиас доошгүй нь Монгол компани байна.

Цөмийн энергийн хуулиар 20 жилээр гэрээ байгуулахаар болсон. Татвартай холбоотой маргаан үүсвэл арбитрт хандахгүйгээр дотоодын шүүхээр шийдвэрлэнэ. Энэ олон улсын хөрөнгө оруулалтын гэрээ Баялгийн санг амь оруулахад нөлөөлнө. Өнгөрсөн хугацаанд 480 орчим тэрбум төгрөгийн хуримтлалыг уул уурхайн 5 компани бүрдүүлсэн. Баялгийн сан гурван сантай. Хуримтлалын сан дахь мөнгө нэмэгдэж, иргэд эрүүл мэндийн үйлчилгээ, ипотекийн зээлд хамрагдаж чадна.

2028 оноос уурхай ашиглалтад ороод ирэхээр иргэн бүр ашгийг нь харах боломжтой болно. Бид ашигтай ашиггүйгээс үл  хамаарч 10 хувийн ногдол ашгаа авна. Энэ 10 хувь дээр  санхүүгийн хариуцлага хүлээхгүй. Энэ ордоо үнэлүүлж, тодорхой болгон жишиг гэрээ байгуулсан. Монгол Улсын ард иргэд газрын хэвлийн баялгаа ашиглах Үндсэн хуулийн заалтыг хангуулахыг зорьсон” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)