Томуугийн өвчлөл нэмэгдэж, эмч нарын өрөөг суллаж хүүхэд авч эхэллээ
ЭМЯ-аас томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбоотойгоор эмнэлэг хооронд хүүхэд хүлээн авах зохион байгуулалтыг хийж, өрөөний дотоод шилжилт дээр зохицуулалт хийж байна.
Тухайлбал, амралтын өдөр ЭНЭҮТ-д ажиллаж, тасаг чөлөөлөн 99 ор гаргаж, 83 хүүхэд авчээ. Цаашид тус эмнэлгийн ачааллыг хүүхдийн сэргээн засах Хан-Уул төв эмнэлэг болон СХД-ийн жишиг эмнэлэгт өгөх зохион байгуулалт хийж байна.
Мөн СБД-ийн нэгдсэн эмнэлэгт 170 хүүхэд эмчлүүлж байгаа бөгөөд хүүхдийн үндсэн 120 ор дээр дотор мэдрэлийн тасаг болон эмч нарын өрөөгөө суллаж 70 ор нэмжээ.
Түүнчлэн хүний нөөц, амьсгалын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, тарианы шахуурга, хүүхдийн даралтны аппарат, халуун хөшиг зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг эмнэлгүүд рүү өгөх ажлыг эхлүүлжээ.
ЭМЯ-аас "Бид бүх арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлж байгаа ч өвчлөл буурахгүй байна. Оны өмнө томуугийн дэгдэлт нэмэгддэг тул маскаа зүүх, дархлаагаа дэмжих, олон нийтийн ажилд ханиадны шинж тэмдэгтэй бол оролцохгүй байхыг зөвлөж байна" гэлээ.