ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр хувийн ашиг сонирхолоороо яамныхаа асуудалдаа хандаж байна уу?
Төрд ёс зүйтэй ТҮШЭЭ АЖИЛЛАЖ, нийгэмд ёс суртахуунтай ОЛОН хүмүүс амьдарч хэмээнэ улс орны хөгжил урагшилдаг гэдэг.
Эрх мэдэл, албан тушаалд хүрсэн улстөрчид гэр бүлийн болон хувийн бизнесийн салбараас ангид, ашиг сонирхолын зөрчлөөс хол байх нь соёлт нийгмийн бичигдээгүй хууль.
Гэтэл Монголын төрд энэ жишиг хандлага үгүйлэгдэж байна. Улаан цайм хөдөө аж ахуйн салбарт хувийн бизнес эрхэлдэг улс төрч ХХААХҮ-ийн сайд болсон.
Үүний нэг адил нүүрсний ачаа тээврийн бизнес эрхэлдэг улс төрч, УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд болчихсон байх шиг.
Телевиз, медиа салбарт бизнес эрхэлдэг бүсгүй УИХ-ын гишүүн, Соёлын сайд болчихсон ажиллаж байна.
Зүй нь өөрийн эрхэлдэг бизнесийн салбарын чиглэлээр төрд албан тушаал эрхэлдэггүй байх нь цэвэр улс төрчийн ёс зүй, нийгмийн хариуцлагаа ухамсарласан байдал, хувийн ашиг сонирхолоос ангид байх тухай асуудал.
Тийм байтал ХХААХҮ-ын сайд Ж.Энхбаяр “Би хорин жил ХАА-ын салбарт бизнес эрхэлсэн, гэлээ гээд ХХААХҮ-ын сайд байж болохгүй гэсэн хууль хаана байна. Хувийн ашиг сонирхолоо ажилдаа гаргахгүй байхад болох биш үү” гэсэн агуулгатай зүйл ярьжээ.
Төрийн сайд хүн, түмний төлөө ажиллах уу, хувийн бизнесийн салбараа хөгжүүлэх үү гэсэн ацан шалаан дунд ажиллана. Ямарч хүн хувийн ашиг сонирхолоо энэ тэргүүнд тавина.
Тиймээс л улс орнууд ашиг сонирхолын зөрчлийг хууль гаргаж хэрэгжүүлдэг. Магадгүй Ж.Энхбаяр гэдэг хүн Батлан хамгаалах салбар юмуу, хөгжлийн Цахим яамны сайд байж болно байх.
Харин тэр “ичих үгүй” 20 гаруй жил эрхэлсэн хувийн бизнесийн салбарынхаа Төсвийн ерөнхийлөн захирагч, сайд нь болчихоод, “намайг хэн тоохын, нохойг хэн саахын” гэдэг шиг “бааварлаж” байгааг ард түмэн та бид харж байна.
Гэтэл жирийн иргэд та бид төрийн аль нэг байгууллагад мэргэжилтнээр ажилд орохын тулд тухайн салбарт үйл ажиллагаа явуулж байсан, хувийн хэвшлийн ямар нэг байгууллагатай өөрөө болон гэр бүлийн гишүүд нь холбоотой, хувьцаа эзэмшдэг, гүйцэтгэх албан тушаалд ажилладаг байсан бол, тухайн компаниас нэрээ хасуулсан, бусдад шилжүүлсэн ч гэлээ “ашиг сонирхолын зөрчилтэй” хэмээн АТГ-аас үзэж, тухайн албан тушаалд томилохоос татгалзах албан бичгийг байгууллага руу явуулдаг.
Атал энэ зарчим улс төрийн дээд түвшинд, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдэд огт “үйлчилдэггүй” нь цаагуураа Монгол Улсын Үндсэн хуульд заасанчлан “Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй” байх зарчим алдагдсаны тод илрэл гэж хэлж болох.
УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр өмнө нь УИХ-ын гишүүн байхдаа эрх мэдэл, албан тушаалаа “урвуулан” ашиглаж, ЖДҮДС-аас өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд хэдэн арван тэрбум төгрөгийн авч өгөөд, өнөөдүүл нь авсан зээлээ зориулалтын дагуу ашиглахын оронд, банк бус санхүүгийн байгууллага руу татан оруулж, бусдад өндөр хүүүтэй зээл олгож “мөнгө угаасан” хэл аманд холбогдож байсан нэгэн.
Ингэж олны итгэлийг алдаж байсан хүн “этгээд” ХХААХҮ-ийн сайд болчихоод “хувийн бизнесийг дэмжихгүй ажиллана, та нар итгээрэй” гээд ярьж байгаад та бид одоо итгэх ёстой юу?
Ж.Энхбаяр сайд болсныхоо дараа ХХААХҮЯ-ийг өөрийн сонгогдсон, бас хувийн бизнес нь байршдаг Дархан-уул аймаг руу “нүүлгэж”, тэндээ өөрийн хамаарал бүхий компаниудын барьсан орон сууцанд яамныхаа төрийн албан хаагчдыг хөнгөлттэй зээлээр “оруулна” гээд ярьж яваа нэгэн.
Мөн яамны шинэ байранд ямар өртөгөөр орсон, ямар зардал гарсан, түрээслэж байрлах уу, худалдан авч байгаа юу гэх зэрэг олон асуудалд Ж.Энхбаяр сайд хариулт өгөх хэрэгтэй.
Ийм учраас л хувийн ашиг сонирхолын зөрчилтэй сайдуудыг сайдаас нь чөлөөлье гэдэг саналыг Ерөнхий сайдад хандан гаргаж байна.
Бид улс орныхоо хөгжлийг бодож, дэлхий нийтийн жишгийг баримтлан урагшлах учиртай болов уу.
Эс бөгөөс ийм ашиг сонирхолын зөрчилтэй сайдууд салбараа хөгжүүлэхээс илүүтэй хувийн бизнесээ урагшлуулах нигууртай.
А.Галт
Эх сурвалж: Amlalt.mn