Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Б.Энхбаяр “Ногоон автобус”-ны гэмт хэрэгтнүүдийг “хаацайлдаг” уу...
Төр түмнийг хуурч, төсвийн мөнгөнөөс хулгайлж завшсан “Хулхи ногоон автобус”-ны гэмт хэрэгт холбогдогсдын шүүх хурал 12 сарын 04-ны өдөр болохоор товлогдсон.
Хэргийг эргэн сануулахад Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-иуд худалдан авах гэрээг байгуулж, Евро-5 стандартын их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус /Хулхи ногоон/, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан байдаг.
Гэвч том оврын автобус худалдан авах ажлын хүрээнд “Тэнүүн-Огоо” ХХК-тай гэрээ байгуулан 134 тэрбум төгрөгийн шилжүүлсэн байдаг. “Тэнүүн-Огоо” ХХК-ын оруулж ирсэн ногоон автобуснуудыг Сүхбаатарын талбай дээр олон нийтэд үзүүлснээр “хуучин, капитал” автобус болох нь нотлогдож, улмаар худалдан авалттай холбоотой асуудлыг нь Авлигатай тэмцэх газар шалгаж, хэргийг шүүхэд хэрэг шилжүүлсэн.
Анхлан нэр бүхий 20 гаруй хүнийг гэмт хэрэгт татаж байсан бол удалгүй тэднээс УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарын цөөн хэдэн албан тушаалтнуудад прокуророос Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн гэдэг.
Энэ удаагийн шүүх хурлаар олон юм тодорхой болох байх. Ногоон автобусны хэргээр эрх бүхий албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хүмүүс бүгд өнөөдрийн байдлаар эрх чөлөөтэй явж байна.
Түүгээр ч зогсохгүй тэдний зарим нь цэнхэр дэлгэцээр айл өрх бүрийн хойморт хүрч би буруугүй гээд хэлээд сууж байх юм.
УИХ-ын гишүүн, сайд асан Ж.Сүхбаатарын хувьд “Автобус худалдан авахад миний оролцоо байгаагүй. Төсвийг нь шийдэж өгсөн. Худалдан авах ажиллагааг нийслэл зохион байгуулсан” гэж мэдэгдсэн. Харин Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар мөн л өөрт нь хамааралгүйгээр энэ ажил явсан гэдэг агуулгатай тайлбар хийж байсан.
"Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг гадуур шалгагдаж, "Би ногоон автобусаар ямар нэгэн цавчаа хийгээгүй. Шинжээчийн дүгнэлтээр ногоон автобуснууд шинэ гэдэг нь тогтоогдсон" гээд хээв нэг хэвлэлд ярилцлага өгөөд сууж байна.
Тэгэхлээр хэн Ногоон автобусны хэргийн гэм буруутан нь хэн вэ? Явж явж хуучин ногоон автобус “шинэ” болон хувирч, эл хэрэгт хэн ч буруугүй, автобус өөрөө л ороод ирсэн болж таарах гээд байна уу?
Удаа дараа хойшилсон ч маргааш болох ногоон автобусны шүүх хурлаар энэ асуудалд бодитой хариу өгнө буй заа.
Үүнээс гадна Ногоон автобустай холбоотой авлига, албан тушаалын гэм буруутнуудыг мөрдөн байцаах явцад нь Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Б.Энхбаяр нөлөөлж, “уснаас хуурай гаргасан” юм биш биз гэсэн хардлага иргэдийн дунд байна.
Хотын дарга асан, төсвийн Ерөнхийлөн захирагч Д.Сумъяабазар, Түгжрэлийг бууруулах төслийн нэгжийн захирал Ч.Батзориг мөрдөнд шалгагдалгүй нар эрх чөлөөтэй явж байна.
Хотын дарга асан Д.Сумъяабазар МАН-ын Нарийн бичгийн даргаар томилогдон, Түгжрэлийг бууруулах төслийн нэгжийн захирал Ч.Батзориг нь НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна.
Энэ бүхний цаана, тэднийг ингэж ногоон автобусны хэргээс “ялгүй” мултлах “ажил”-ыг Хуульзүйн сайд асан Б.Энхбаяр хариуцсан юм биш гэсэн хардлага байгаа юм. Ингэж хэлэхийн учир нь эргэлт.мн сайт дээр Түгжрэлийг бууруулах төслийн нэгжийн захирал Ч.Батзориг Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Б.Энхбаярын сонгуулийн Ерөнхий менежерээр ажиллаж, түүнд хамгийн их хандив өргөсөн байх юм.
Орон нутгийн сонгуулиар Б.Энхбаяр Түгжрэлийг бууруулах төслийн нэгжийн захирал асан Ч.Батзоригийг дагуулан явж, түүн шиг сайн хүн алга хэмээн магтаж байсан нь үүнийг гэрчлэх мэт.
Дээр нь ногоон автобусны гэмт хэргийг хаацайлах үүргийг өнөөгийн Хотын дарга Х.Нямбаатар авсан юм биш биз гэж бодохоор.
“Ногоон автобусны хэргийн учрыг олно”, “Авлигачидтай хатуу тэмцэнэ” гэж байсан Х.Нямбаатар нь ногоон автобусны хэрэг дээр тун мөлгөр хандаж, энэ талаар огт дуугарахгүй байх юм. Нийслэл хот Ногоон автобуснаас болж “хохирогч” болчихсон атал Хотын дарга нь энэ асуудалд анхаарал хандуулахгүй, үүссэн хохирлоо барагдуулах талаар ганц ч ам ангайхгүй байгаа нь ногоон автобусны хэргийг хаацайлах, булзайруулах, албан тушаалын гэмт хэрэгт холбогдох Хотын дарга асан Д.Сумъяабазар тэргүүтэй нөхдүүдийг буруутгахгүй байх үүрэг хүлээх тохироо хийсэн юм биш биз гэж бодоход хүргэж байна.
Эцэст нь хэлэхэд ногоон автобусны авлигын гэмт хэргийн ХОХИРОГЧИД нь нийслэлчүүд та бид. Завшигчид АЛБАН ТУШААЛТНУУД. Гэтэл хариуцлагаа хүлээх ёстой албан тушаалтнууд нь ял зэмгүй явсаар.
Хэрэв Хууль зүй, додоод хэргийн сайд асан Б.Энхбаяр нөлөөлөөгүй л юм бол түүний найз Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар, Хотын дарга асан Д.Сумъяабазар, авто замын түгжрэлийг бууруулах төслийн нэгжийн захирал асан Ч.Батзориг нарыг ШҮҮХ ногоон автобусны хэргээр дуудаж, яллах учиртай.