Утаагаар “мөнгө хийгсдийг” угжмааргүй л, давраамааргүй л...
Иргэдийн зовлон дээр "зоолж", утаагаар "мөнгө хийх" хүсэлтэй хэсэг бүлэг нөхөд, хамаатан садан, ураг удмаараа "Тавантолгой түлш" компанийг "эзэлчихсэн" болохоор утаа буурахгүй байна. Утааг албаар ч бууруулахгүй байна, олны нүднээс далд маш том, бохир бизнес тэнд цэцэглэж байна.
"Тавантолгой түлш" компани 1.2 их наядын алдагдал хүлээжээ. Алдагдлын гол шалтгаан нь мэдээж буруу менежмент, удирдлагуудын завхрал. Түмний төлөө гэх сэтгэлтэй хүн тус байгууллагад байхгүй. Төсвийн мөнгөөр "наадаж", түрийвчээ түнтийлгэх гэсэн шуналтнууд л бий. Бид өмнө нь мэдээлж байсан. "Тавантолгой түлш"-ийг ураг удмаараа нийлж, хэрхэн "сааж" байгаа схемийг...
Мөн өнгөрсөн жил олон түмэнд ил болсон доо. "Тавантолгой түлш"-ийн удирдлагууд үнэмлэхүй дүнтэй мөнгөөр өөрсдийгөө шагнацгаасан байсан. Үгүй ээ мөн даварч байгаа юм шүү. Үр дүн нь нооль байхад алдар гавьяа, урамшуулал хүртэцгээж байдаг. Гэтэл хотыг хар, хотын утааг хар. Хүн амьдрах арга алга. Хоолой хорсом, нүд аргам.
Нэг шуудай сайжруулсан түлшийг 20.800 төгрөгөөр үйлдвэрлээд 3.750 төгрөгөөр зах зээлд борлуулдаг. Эцсийн дүндээ утааг бууруулахын тулд л ийм алдагдлыг үл тоон өнөөг хүртэл "Тавантолгой түлш"-ийг ажиллуулсан. Харамсалтай нь утаа буурсангүй, хэсэг бүлэг нөхөд л баяжлаа, цулайлаа. Хэдэн арван хүний амь нас үрэгдлээ.
Аудит оруулна гэж Хотын дарга мэдэгдлээ. Үнэхээр ТТТ-ийг цэгцэлж, эмхэнд нь оруулах цаг болсон. Ялангуяа удирдлагын түвшинд сайтар шалгалт хийж, хариуцлага ногдуулах ёстой. Их ч но илрэх учиртай.
ТТТ сүүлийн жилүүдэд нэг шуудай сайжруулсан түлшний үйлдвэрийн бодит өртгийг олон нийтэд огт зарлахгүй байгаа. Мөн барьцалдуулагчийн орц найрлага, түүнийг ямар компани нийлүүлж байгаа мэдээлэл ч хаалттай. Үүний цаана маш том мөнгө угаалт явагдаж байх вий хэмээн иргэд хардаж байгаа, үгүйсгэшгүй. ТТТ завхрал, хулгайн цогцлоон болсон нь олон ч сэжүүрээр мэдрэгдээд байгаа шүү дээ...
Ардчилсан намынхан шахмал түлшний асуудлаар СОНСГОЛ хийнэ гэх, зүйтэй. Ийм сонсгол хэрэгтэй. Энд ужгирсан асуудлуудыг дэлгэх ёстой. Гэмтнүүдийг улалзуулах хэрэгтэй. Олон нийт ч сонсголыг дэмжиж, Ардчилсан намынханд зүй ёсоор итгэл хүлээлгэж, давхар шахах, шавхуурдах ёстой. Асар том хулгайн сэжүүр ч ургаж мэднэ ээ.
Дээр хэдэнтээ дурдсанчлан ТТТ-ийн удирдлагын багт ихээхэн асуудал бий. Ургийн модоо ургуулчихсан хүмүүст дураар загнахад саад тотгор юун. Олон нийт харъя, хяная. ТТТ-ийг шударга ёсны шуурга хүчтэйхэн дайраасай, дайруулаасай...