Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.06

Лу.Гантөмөр С.Эрдэнийн замаар замнаж, МАН-ын тоглоомын хөзөр болох уу...

Лу.Гантөмөр С.Эрдэнийн замаар замнаж, МАН-ын тоглоомын хөзөр болох уу...

МАН АН-ыг "архичин" даргаар нь сүйдлүүлэн сулруулж, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд "ёндоорох" төлөвлөгөөгөө хэрэгжүүлээд эхэлжээ. Лу.Гантөмөр АН-ыг удирдаж, зангидаж чадахгүй байгааг толгойтой бүхэн харж, мэдэрч байна. Намын дарга байхын, тэр тусмаа Тэргүүн шадар сайд, Төрийн түшээ байхын ч чадамжгүй нэгэн шиг. Гашуун идээнд толгойгоо мэдүүлээд удаж байгааг нь шүүмжлэх хүн ч олон байна.

Дээр дурдсанчлан МАН-ын удирдлагууд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар Сайд бөгөөд Эдийн Засгийн Хөгжлийн сайд, АН-ын дарга Лу.Гантөмөрийн чихэн дээр: "Намын даргын албан тушаалаа яасан ч өгч болохгүй" гэж өдөр шөнөгүй "шивнэж", шахдаг гэх.

Үүнийхээ шалтгааныг албан ёсоор тайлбарлахдаа, хамтарсан Засгийн Газрын мөрийн хөтөлбөр, зорилгоо хэрэгжүүлэхийн тулд чи өөрөө л намаа зангидаж, удирдахаас өөр арга байхгүй гэж тайлбарлаж, өнөөхийгөө хөөргөдөг гэх бөгөөд үүний цаана АН-ыг улам сулруулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуулийн зохион байгуулалтад МАН-ынхан өөрсдөө оролцож, захиалгын, тоглоомын нэр дэвшигч дэвшүүлэх сонирхол байхыг үгүйсгэх аргагүй.

"Улс төрийн намын тухай хууль" гэж нэгэн том хууль батлагдсан. Гэвч тус хуулийн хэрэгжилт 2027 он хүртэл хойшлох нь бараг л тодорхой болоотох шиг болов. Тийн чигтэй байна. Тэгэхээр энэ хуулийн өөрчлөлтийн дагуу 2027 оны 8-р сар хүртэл АН хурлаа хийхгүй тул Лу.Гантөмөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд АН-аас нэр дэвшигчийг тодруулах үйл явцад голлох үүрэгтэй оролцох нь тодорхой болж байна аа гэсэн үг.

Тэр бүү хэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд тухайн үеийн АН-ын дарга С.Эрдэнэ өөрөө нэр дэвшин, МАН-ын нэр дэвшигчийн "зөөлөн боорцог" болж унаж өгч байсан шиг Лу.Гантөмөр ч өөрөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшихийг үгүйсгэх аргагүй юм. Ингээд дүгнэхээр МАН-ынхан Лу.Гантөмөрийг яг л С.Эрдэнэ шиг 2027 онд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг дуустал ашиглах нь тодорхой болж байна.

АН ийм л тоглоомын хөзөр болчхоод байна. Лу.Гантөмөр харин гол "хүн" нь. Уг нь анх Лу.Гантөмөрийг намын дарга болоход олон хүн итгэл хүлээлгэж, итгэл талбиж байв. Гэвч түүний бодит төрх ийм л. МАН-ын халаасны хөзөр л байсан юм даг уу даа. Чухамдаа бол АН-ынхны арчаагүйн л гор. Энэ том улс төрийн хүчинд Лу.Гантөмөрөөс өөр лидер байсангүй нь гутамшиг. Өөрсдөдөө л гомдохоос өөр яахав. Иргэд сонгогчид ямар ч буруугүй. Эдэнд итгэснээс эрхий хуруундаа итгэсэн нь илүү байхуйц цаг үе ирж шүү дээ бараг...

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)