Төрийн албаны зөвлөлийг ТАТАН БУУЛГАХ ёстой юу...
Монгол Улсын Төрийн албаны зөвлөл гэж төсвийн мөнгийг үргүй зарлагадсан байгууллага байна.
Уг нь тус байгууллагын эрхэм зорилго нь төрийн албаны чадахуй /мерит/-н зарчмыг сахиулж, улс төрийн зүй бус нөлөөллөөс ангид, иргэдийн итгэл хүлээсэн төрийн албыг төлөвшүүлэхэд оршдог. Мөн Төрийн албаны тухай хуульд заасан бүрэн эрх, чиг үүргийнхээ хүрээнд төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай, ёс зүйтэй байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах ёстой юм. Гэвч өдгөө энэ байгууллага үүрэг, чиглэлээ умартсан уу гэлтэй л байх...
Нэгэн тод жишээ дурдахад л "Битүү шөл"-ний асуудлаар "од" болоод байгаа УИХТГ-ын дэд дарга Э.Лхагва гэгчийг харчих. Төрийн өндөр албан тушаал хаших ямар ч чадамжгүй "нөхөр" гэдэг нь санаачилж, сэдэж байгаагаас нь л харагдана.
Боловсролын яаманд хүргүүлсэн албан бичгийг нь л үзчих. Авах юмгүй. "Боловсролын яамны Төрийн бичгийн дарга" гээд л толгой нь эхэлж байгаа юм. "Төрийн нарийн бичгийн дарга" гээд зөв биччих чадваргүй.
Ийм л "толгойгүй" нөхдөөр Төрийн алба дүүрчээ. Төрийн албаны зөвлөл ажлаа хийхгүй байгаагийн л илрэл. Ер нь сүүлийн үед эрх мэдэлтнүүд л Төрийн албаныхныг томилчихдог, эрх мэдэлтнүүдийн тушаалаар Төрийн албаны зөвлөл хөдөлдөг болчихсон.
Төрийн албаны томилгоонд шударга ёсны зарчим үйлчлэхээ нэгэнт байсан. Мэдлэг чадварыг үнэлэхээ больсон. Мэдээж ийм л бурангуйн гороор Э.Лхагва мэт хүмүүс Төрийн албанд битүү шигдэж, битүү шөл, боорцог гамбирхан яриад л байж байгаа хэрэг шүү дээ, харамсмаар л...
Дарга нар төрийн албанд тавигдах шаардлагыг хангахгүй хамаатан садан, хамаарал бүхий этгээдүүдээ төрийн албаны зөвлөлөөс үл хамааран албан тушаалд томилуулдаг байдал жирийн үзэгдэл мэт боллоо.
Нөгөөтэйгүүр хөдөөд ч Төрийн албатай холбоотой хууль зөрчигдөж буй асуудлууд их байна.
"Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль"-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын албан тушаалыг хашигч нь 3-аас доошгүй жил Төрийн албанд ажилласан байх ёстой гэж заасан.
Гэвч хөдөөд энэ заалт огт үйлчлэхгүй байна гээд хэлэхэд хилс болохгүй. Төрийн албанд ажиллах нь байтугай "Төрийн алба" гэх үгээ зөв бичиж, тод хэлж чадахгүй нөхөд л аймаг, сумыг Засаг дарга болж удирдана гээд бааварлаж байх. Нам нь л бүхнийг шийддэг болчихсон. Хууль тэнд үйлчлэхгүй, хуулийг хэрэгжүүлэх ёстой Төрийн албаны зөвлөл нь ч хүчээ үзүүлэхгүй байна. Төрийн албаны нэр хүнд гэж ярилтгүй л нөхцөл үүсч байгаа юм л даа. Яалтай ч билээ.
Мерит зарчим буюу Шатлан дэвших зарчим. Энэ зарчим бол үгүй болсон. Төрийн албанд анхан шатны нэгжээс нь эхлээд ажилласан хүн дарга болтлоо дэвшихийн зол огтоосоо байхгүй болсон. Дээр дурдсанчлан намын томилгоо болоод эрх мэдэлтнүүдийн хүслээр л бүх юм шийдэгддэг цаг үе ирж. Даргыг дарга томилно, чадвар хүчээрээ дээшлэх боломж мэргэжилтэнд байхгүй, дээшлүүлэх ч үгүй. Чадвартайг нь харин ч хавчина. Ийм л исгэлэн тогтолцоо бүрэлджээ.
Ийн Төрийн албанд шударга гэх үг нутагших нь байтугай шударга ёсны үнэр ч ханхлахаа байгаад удаж ахуй энэ цаг үед Монгол Улсын төрийн албаны зөвлөл гэх институт яг юу хийж байна вэ гэдэг нь ихээхэн эргэлзээтэй л. "Үндсэн чиг үүргээ умартжээ, үнэхээрийн хүчгүй байгууллага болж" хэмээн халаглан, харамсахуйн өнцөг эрхгүй ургана.
Нэгэнт ийм төлөвт шилжсэн бол төсвийн мөнгө зарлагадсан ийм хэрэггүй албаар яах вэ. Татан буулгасан нь зүй биш үү. Хэрэггүйн үндсийг эртхэн л таслахгүй бол хог болно, хөгжлийг тушна, эцэстээ Улсыг гундаах нөхцөл үүснэ шүү дээ...