НИТХ-аар “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг баталлаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус I хуралдаан үргэлжилж байна. НИТХ-ын үдээс хойших хуралдаанаар “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэлэлцэж төлөөлөгчдийн 66.7 хувийн саналаар баталлаа.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг батлах тухай тогтоолын төслийг танилцуулав. Тэрбээр “Үндсэн бодлого агаарын бохирдол, автозамын түгжрэлийг бууруулахад чиглэсэн бөгөөд Улаанбаатар “20 минутын хот” үзэл баримтлалын дагуу иргэд өөрийн оршин суугаа газраасаа 20 минутын зайд нийгмийн суурь үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэхээр тусгасан” гэдгийг онцоллоо.
Уг хөтөлбөр нь агуулгын хувьд ач холбогдол, эдийн засгийн үр өгөөж, нийгмийн хэрэгцээ шаардлагаар нь эрэмбэлсэн 5 бодлого, 25 зорилго, 220 зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн цаг үеийн хувьд тулгамдсан нэн шаардлагатай 12 томоохон төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөгөөнд тусгасан байна.
Үүнд:
1.Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд 5 зорилго, 69 зорилт
2.Хүний хөгжлийн бодлогын хүрээнд 5 зорилго,38 зорилт
3.Эдийн засгийн бодлогын хүрээнд 5 зорилго, 12 зорилт
4.Ногоон хөгжлийн бодлогын хүрээнд 5 зорилго, 23 зорилт
5.Засаглалын бодлогын хүрээнд 5 зорилго, 42 зорилтыг тусгасан байна.
Танилцуулгын дараа НИТХ дахь МАН болон АН-ын бүлгүүд хэлэлцэж буй тогтоолын төсөлтэй холбогдуулан гаргасан санал, дүгнэлтээ танилцуулав. НИТХ-ын дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр бүлгийн санал, дүгнэлтийг танилцууллаа. Явган хүн, моторт бус тээврийн хэрэгслийн замын сүлжээг нэмэгдүүлж, зорчих хөдөлгөөний нөхцөлийг сайжруулах, үерийн эрсдэлийн хохирлын үнэлгээг боловсруулж, голуудын эргийн хамгаалалт 30 км далан, 100 км суваг, 4 байршилд усан сан, хөв, цөөрөм, 20 км хөрсний ус зайлуулах шугам сүлжээг барьж байгуулах, боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтныг урамшуулах, нийгмийн баталгааг хангахад төр хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран дэмжлэг үзүүлэх гэж тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг танилцуулав.
Үүний дараа НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Т.Батцогт бүлгийн санал дүгнэлтийг танилцуулсан юм. Тэрбээр танилцуулгадаа “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөхдөө иргэдэд амьдрах орчны сонголтыг бий болгон амины орон сууцны хороолол, орон сууцны хороолол гэсэн төлөвлөлттэйгөөр хийж инженерийн болон нийгмийн дэд бүтцээр бүрэн хангагдсан хорооллыг барьж, 13.280 өрхийг орон сууцыг ашиглалтад оруулах, “Эрүүл мэнд, биеийн тамир хэсэг”-т нэмэлтээр оруулах санал, “Гэр бүл, хүүхэд, залуучууд хэсэг”-т нэмэлтээр оруулах санал танилцууллаа.
НИТХ-ын төлөөлөгчид хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт, хариулт авлаа. НИТХ-ын АН-ын бүлгээс гаргасан дээрх санал агуулгын хувьд “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т орсон учраас уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө болон Нийслэлийн хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нэмж тусгахаар боллоо.
Ийнхүү “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг төлөөлөгчдийн 66.7 хувийн саналаар баталлаа.