Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.04

Нийслэлийн дээд шагнал “Хангарьд” одон гардууллаа

Нийслэлийн дээд шагнал “Хангарьд” одон гардууллаа

Монгол Улсын нийслэл хот үүсэн байгуулагдсаны 385 жил, улсын нийслэлээ Улаанбаатар хэмээн нэрийдсэний 100 жилийн ой тохиож байна. Тэгш их ойг тохиолдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр захирамж гарган, нийслэл хотын хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, хүн ардын эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд олон жил үр бүтээлтэй ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдийг нийслэлийн дээд Хангарди одонгоор шагналаа. Хангарди одонгоор:

  • Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Жанцангийн Батбаясгалан
  • Удирдлагын аадемийн Удирдахуйн ухааны сургуулийн багш доктор, профессор Ядамын Долгоржав
  • Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмч Арилдийн Бямбацэцэг
  • Улаанбаатар шинэчлэл ХХК-ийн Ерөнхий захирал Магсарын Түвдэндорж
  • Эрүүл хамгаалалтын Шөний эргүүлийн 808 дугаар ангийн захирагч асан, хурандаа Лувсандоржийн Очирхуяг
  • Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахмад ажилтан, дэд хурандаа Пүрэвжавын Энхбаяр
  • Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын ажилтан Дашдаваагийн Ганбаатар
  • Геодези усны барилга байгууламж ОНӨААТҮГ-ын засварчин Цэрэнсодномын Түмэнбаяр нарын хүмүүсийг шагнасан юм.

Шагналыг Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин, Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Батбямба нар гардуулан өгсөн юм.

Мөн Нийслэлийн 385 жилийн ойн медалиар нэр бүхий иргэдийг шагнасан юм.

Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр одон медалиар шагнуулсан хүндэт эрхмүүдэд хандан баяр хүргэж, үг хэлэв. Тэрбээр “...1639 онд таван настай Занабазарыг бурхан шашны тэргүүнээр өргөмжилж, өргөө барьж өгсөн түүхтэй. Тэр үеэс эхлэн нийслэл Улаанбаатар хотын үүсэл хөгжил бий болсон гэж үздэг. Одоогоос 100 жилийн өмнө буюу 1924 онд Улаанбаатар хотыг нийслэл Хүрээ хэмээн нэрлэдэг байсан. Энэ цаг үеэс нийслэл Хүрээний анхдугаар хуралдааныг хийж Хурлын даргыг, хоёрдугаар хуралдаанаараа хотын Засаг даргыг сонгож, 14 дүгээр хуралдаанаараа нийслэл Хүрээг Улаанбаатар хот хэмээн нэрлэсэн түүхтэй. Нийслэл Улаанбаатар хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө сэтгэл зүрхээ зориулан ажилласан үе үеийн ахмадууд, ихийг хийж бүтээж байгаа залуучууд та бүхэндээ Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 385 жил, Улаанбаатар хот хэмээн нэрлэсний 100 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)