Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.04

Мөнгө, эрх мэдэлтэй эрхмүүдийн хүүхдүүд хар тамхитай орооцолдсон ч ХААЦАЙЛУУЛААД өнгөрдөг үү!

Мөнгө, эрх мэдэлтэй эрхмүүдийн хүүхдүүд хар тамхитай орооцолдсон ч ХААЦАЙЛУУЛААД өнгөрдөг үү!

Сүүлийн үед урлагийн салбарынхан мөн мөнгө, эрх мэдэлтэй эрхмүүдийн хүүхдүүд хар тамхины хэрэгт холбогдох нь ихсэв. Гэвч тэдгээрт зохих ял, зэмийг нь оноож буй эсэх нь эргэлзээтэй. Хуулийн байгууллагынхан илрүүллээ, баривчиллаа л гэдэг. Түүнээс цааш замхардаг. Зарим нэгт нь “нэр төдий”, өчүүхэн ял оноодог. Ийм л жишиг манай оронд тогтчихоод байна.

Уг нь энэ төрлийн гэмт хэргийн ялыг чангалмаар, хатуу баймаар. 3-хан сая хүн амтай манай орны тухайд хар тамхи бол гамшиг. Гааруулж боломгүй тахал л гэсэн үг. Тиймээс ч хуулийн хувьд хатуу байж, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийг сайтар “залхаан”, ирээдүй хойч болсон залууст ч тод сануулга болгон, ухааруулж байх нь чухал юм.

Саяхан даа, 6 дугаар сард. Гадны орноос хар тамхи, мансууруулах бодис оруулж ирдэг, хэрэглэдэг, зарж борлуулдаг гурван бүлгийн 20 гаруй этгээдийг Цагдаагийн байгууллагаас баривчилсан ба тэр дунд олны танил хүмүүс, тэдгээрийн хүүхдүүд байсан талаарх мэдээлэл хэвлэлүүдээр цацагдсан.

Тэгвэл тухайн этгээдүүдийн дунд дуучин Wolfizm буюу Б.Гэсэр, Epoch буюу Э.Гомбосүрэн, Өвөрмонголын дуучин Хомбоо нарын хүмүүс байсан гэх. Мөн уяач Л.Цандэлэгийн хүү Т байсан гэх мэдээлэл ч байгаа юм.

Хэрэг гарснаас хойш даруй таван сар өнгөрчээ. Гэвч тэдгээр хүмүүст ямар хариуцлага ногдуулсан нь тодорхойгүй л. Олны танил хүмүүс, мөнгө, эрх мэдэлтэй хүний хүүхдүүд байсан болохоор хуулиас гадуур өнгөрчихдөг юм уу гэж олон нийт эгдүүцэж байна. Үнэхээр ч тийм хардлага төрөм...

Хар тамхитай орооцолдсон этгээдүүдийг илээд өнгөрч болохгүй. Дээр дурдсанчлан хатуугаас хатуу ял оноох ёстой. Гэтэл хууль шүүх, цагдаагийн байгууллага яагаад ажиллахгүй, хуулийг сахиулахгүй байна вэ. Хууль хүн бүрт эрх тэгш гэдэг дээ...

Д.Сүрэн

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)