Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.04

Монголын шүүх эр бяраа доодост биш дээдэст харуулаасай!

Монголын шүүх эр бяраа доодост биш дээдэст харуулаасай!

Замын цагдаа ажил үүргээ гүйцэтгэж яваад иргэнээс 60 мянган төгрөгийн хахууль авсан гэх хэрэгт шүүхээс 2 жилийн хорих ял оноожээ. Энэ нь олон нийтийн бухимдлыг өдөөж байна. Мэдээж олон нийт бурууг өдөөн турхирсангүй. Харин хууль, шүүхийн байгууллагын шударга бус байдлыг эгдүүцэн бухимдсан хэрэг юм. Авлига өгч, авалцах нь буруу. Аа гэхдээ 60-хан мянган төгрөгийн тухайд арай л чангадсан ял оноосон уу гэвэл үнэн, хоржоонтой.

May be an image of 3 people and text

Б.Энхбаяр сайдын үед ЗГ-аас өргөн барьж, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулан, авлигын гэмт хэрэгт оноох ялыг чангатгасан. Ялангуяа төрийн албан хаагчид энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд өндөр шийтгэл хүлээхээр болсон юм. Гэвч өнөөдөр энэ хуулийн хэрэгжилт цаасан дээрх шигээ бодитоор хэрэгжиж байгаа юу гэвэл бас эргэлзээтэй. Энгийн нэгэн замын цагдаа мэтээ л дарлахаас 60 мянган төгрөгийг 100, 1000 дахин нугалаад халааслачихсан нөхдөд шүүх эр бяраа гаргахгүй байгаа нь хачин.

Наад захын нэг жишээ дурдъя л даа. Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга Н.Одончимэг гэгч бүсгүй дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгын тендертэй холбоотойгоор 55 сая төгрөгийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригджээ, саяхан. Мөн нэгжлэгийн явцад ажлын байрнаас нь 400 орчим сая төгрөг гарч ирсэн байна.. Одоо түүнийг хойшлуулшгүйгээр цагдан хориод байгаа юм. 60 мянган төгрөгийн хажууд жаатай “хумсалсан” байгаа биз.

Одоо олон нийт шаардаж байна. Гэм нь нот энэ хэргийн эздэд төр төмөр нүүрээ утгаар нь харуулаач ээ гээд. 60 мянган төгрөгт 2 жилийн ял оноосон юм чинь 55 саяд түүнээс хэд дахин нэт ял оноох нь баараггүй биз. Тэгж л шүүх шударга ажилладаг гэдгээ ард түмэнд нотолж, мэдрүүлмээр байна. Хууль хүн бүрт эрх тэгш гэдэг. Хуулийн дор хүн бүр өвдөг сөхөрдөг ч гэдэг. Н.Одончимэг мэтийг сөхрүүлэхийг нь л харъя. Монголын шүүхийн бодит төрхийг ч эндээс л утгаар нь тольдъё...

Д.Сүрэн 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)