Монголын шилдэг жүдочдын барилдаан болно
Жил бүрийн 10 дугаар сарын 28-ныг Дэлхийн жүдочдын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил Олон улсын жүдо бөхийн холбооноос эл өдрийг “Well Being” буюу “Сайн сайхны төлөө хамтдаа” уриан дор тэмдэглэх гэж байна.
Тэгвэл Монголын жүдо бөхийн холбооноос уг өдөр нэгэн сонирхолтой тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тодруулбал, олимп, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон “Их дуулга”, гранпри тэмцээнээс медаль хүртсэн тамирчдын халз барилдаан болох юм.
Уг тэмцээнийг Монгол Улсад жүдо бөхийн спортын хөгжлүүлэх эхлэлийг тавьсан гавьяат дасгалжуулагч Ч.Машбатын нэрэмжит болгож байгаа аж. Дотоодын чансаа олгох “Сенсей кап”-аас шалгарсан жин тус бүрийн шилдэг зургаан тамирчин ирэх сарын 23-нд “UG Arena”-д зохион байгуулах “Топ-6” тэмцээнд барилдах эрхээ авах юм.