Эрүүдэн шүүлттэй холбоотой сонсгол зохион байгуулна
Энэ оны долдугаар сард Хорих 461 дүгээр ангид хоригдож байсан 21 настай залуу /эрүүдэн шүүлтэд өртсөн гэх гомдол гаргасан байсан/ амь насаа алдсан харамсалтай хэрэг болсон бол цэргийн албанд татагдсан хугацаат цэргийн албан хаагч дэглүүлсэн хэрэг гарч нийгмийг цочроож байв.
Дээрх асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын 22 гишүүн Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой сонсгол зохион байгуулах хүсэлтийг УИХ-ын даргад хандан гаргасан юм. Энэ дагуу УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдан, ирэх арваннэгдүгээр сарын 20-нд ““Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр нээлттэй сонсгол хийхээр тов гаргажээ.
Сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг ажиллах юм байна.
Мөн сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллага “Нэр дэвшигчийн сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2024 оны арванэгдүгээр сарын 15-ны өдрийн 17.00 цагаас өмнө sonsgol@parliament.mn имэйл хаягаар ирүүлэх аж.
Сануулахад, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос өнгөрсөн долдугаар сард Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан 21 настай залуу амь насаа алдсан хэрэг явдлыг хэлэлцэж байв. Энэхүү дэд хорооны хуралд оролцсон Хүний эрхийн үндэсний хорооны дарга Д.Сүнжид “461 дүгээр ангид хоригдож байсан хохирогч ухаангүй, эмчилгээ үйлчилгээ авч байх үед хүлсэн нь хүнлэг бус хэрцгий харилцаа” гэж мэдэгдэж байв.