Хөгжлийн банкны асуудал: УИХ дөрвөн гишүүнээ “хамгаалж үлдсэн” нь
Манай сайт та бүхэнд Хөгжлийн банктай холбоотой асуудлуудыг эргэн сануулсаар байгаа билээ. Энэ удаа бид өнгөрөгч долоодугаар сарын 25-нд UIH.mn сайтад гарсан “Хөгжлийн банкны асуудал юу болов?” гэх нийтлэлийн хэсгээс онцоллоо.
УИХ дөрвөн гишүүнээ “хамгаалж үлдсэн” нь
Хөгжлийн банкны хэргийг шалгах ажиллагааны явцад УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-д хүргүүлсэн. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хаалттай хэлэлцсэний эцэст УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж гишүүдийн олонх үзэв.
Хөгжлийн банкнаас зээл олгоход эрх мэдэл, давуу байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг, Хөгжлийн банкны зээлдэгчээс авлига авсан гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг яллагдагчаар татсан гэх мэдээлэл бий.
УИХ-ын тухай хуулийн 9.8-д зааснаар бол УИХ-ын гишүүнийг гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно. Тиймээс эдгээр мөрдөн шалгах ажиллагааг явуулахын тулд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай.
Гэвч УИХ дээрх дөрвөн гишүүнээ “хамгаалж үлдсэн”. Энэ нь мөрдөн шалгах ажиллагаанд нэлээд хүндрэл бий болно гэж урьдчилсан байдлаар харж байгаагаа Улсын ерөнхий прокурор тухайн үед хэвлэлд мэдээлсэн байдаг.